М.Болдсайхан: Монгол хэлбичгийн шалгалт өгөх сургууль хүртэлх маршрут, замын түгжрэлийг сайн тооцоолоорой

2019 оны 3 сарын 22

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Маргааш буюу 2019 оны гуравдугаар сарын 23-ны 12:00 цагт орон даяар Монгол хэлбичгийн шалгалт эхэлнэ.  Уг шалгалт нь энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хамгийн эхнийх юм. Шалгалтын бэлтгэл ажил болон шалгалт өгөх сурагчид юун дээр анхаарвал зохих талаар Боловсролын үнэлгээний төвийн ахлах мэргэжилтэн М.Болдсайханаас тодрууллаа. 

Монгол хэлбичгийн шалгалтад хариултын хуудас гэж байхгүй ба шалгалтын дэвтэр дээрээ зөвхөн хөх өнгийн үзгэн балаар бичнэ. 

-Энэ жилийн ЭЕШ-ыг өгөхөөр хэдэн хүүхэд бүртгүүлээд байгаа вэ?
-Энэ жил ЕБС-ийг ойролцоогоор 17.000 орчим хүүхэд төгсөж байна. Үүн дээр өмнөх онд төгссөн хүүхдүүд нэмэгдээд 20.000 орчим хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалтыг өгөх болов уу гэсэн урьдчилсан тооцоолол байна. Монгол хэлбичгийн шалгалт өгөхөөр 18.500 гаруй шалгуулагчид бүртгүүлээд байна.

Эдгээрээс 1717 хүүхэд нь өмнөх оны төгсөгчид байгаа ба тэд Боловсролын үнэлгээний төвийн бүртгэлийн хуудсаар дамжин тусгайлан бүртгүүлсэн. Харин энэ жилийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдыг БСШУСЯ-ны нэгдсэн мэдээллийн сангаас шууд татаж аван бүртгэлийг хийсэн. 

-Монгол хэлбичгийн босго оноо нь тухайн хүүхэд цаашид бусад төрлийн шалгалт өгөх эрхтэй болох эсэхийг шийднэ шүү дээ. Хэрэв босго оноондоо хүрч чадахгүй бол яах вэ?
-Энэ жилийн ЭЕШ-ын нэг онцлог нь Монгол хэлбичгийн шалгалттай холбоотой гарсан хэд хэдэн өөрчлөлт юм. Нэгдүгээрт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 46-р зарлигийн дагуу, БСШУСЯ-ны сайдын А-42 тоот тушаалаар Монгол хэлбичгийн шалгалтын босго оноог 400 болгосон. Мөн уг шалгалт жилд хоёр удаа зохион байгуулагдана. Маргаашийн шалгалтан дээр анхны оноог хэмжээст оноонд шилжүүлэн бодох бөгөөд ингэхээр бүртгүүлээд буй 18.500 орчим хүүхдийн 15 хувь нь босго онооны болзлыг хангаж чадахгүйд хүрнэ.  Өөрөөр хэлбэл 5000 гаруй хүүхэд шалгалтын босго оноог хангаж чадахгүй болно. 

Гэхдээ босго оноондоо хүрээгүй болон ямар нэгэн хүндэтгэх шалтгааны улмаас шалгалтаа өгөөгүй хүүхдүүд дөрөвдүгээр сарын 20-нд дахин шалгалтад хамрагдах боломжтой. Дахин шалгалт өгсөн ч босго оноондоо хүрч чадахгүй байвал ЭЕШ-т ямар амжилт гаргаснаас нь үл хамааран их дээд сургуульд элсэх боломжгүй болно. Тиймээс хүүхэд, залуус маань хүссэн сургуульдаа, өөрийн хүссэн мэргэжлээрээ суралцахын тулд нэн түрүүнд монгол хэлбичгийн шалгалтдаа амжилт үзүүлэх шаардлагатай гэсэн үг. 

-Дахин шалгалтын бүртгэл хэзээ вэ?
-Монгол хэлбичгийн дахин шалгалтын бүртгэл дөрөвдүгээр сарын 1-15 хүртэл үргэлжилнэ. Гэхдээ энд хоёр шалгалт яригдаж байгааг салгаж ойлгох хэрэгтэй. Эхнийх нь Монгол хэлбичгийн шалгалтын бүртгэл, нөгөөх нь Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл юм. ЭЕШ нь жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг, нийт 10 шалгалтаас бүрдэх бөгөөд сурагчид элсэн суралцах сургуулийнхаа журмын дагуу хоёроос багагүй хичээл сонгон шалгалт өгөх юм. 

Монгол хэлбичгийн шалгалтаас нэг цагийн өмнө ирж бичиг баримтаа шалгуулах, 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байх шаардлагатай

ЭЕШ-ын бүртгэл хоёрдугаар сарын 14-нд эхэлсэн ба ирэх дөрөвдүгээр сарын 15-нд дуусна. Бүртгүүлэхдээ хувийн мэдээлэлдээ ямар нэгэн алдаа байгаа эсэх, овог нэрийн өөрчлөлт гарсан бол Иргэний бүртгэл мэдээллийн төвд дахин бүртгүүлэх, 3х4 хэмжээтэй цээж зургаа файл хэлбэрээр бэлдэх, интернетээр гүйлгээ хийх боломжтой цахим мөнгөний картаа бэлдэн БҮТ-ийн eec.mn сайт руу хандахад бүртгэлийн цэс өөрөө хөтлөөд явах боломжтойгоор програмчлагдсан. 

-Энэ жилийн шалгуулагчид анхаарууштай, өмнөх жилүүдэд нийтлэг ажиглагдсан алдаа дутагдал, зөрчил юу байдаг вэ? Жишээ нь хүүхдүүд шалгалт өгөх сургуулийнхаа байршлыг олохгүй явсаар шалгалтаасаа хоцрох тохиолдол цөөнгүй гардаг шүү дээ. 
-Маргааш болох Монгол хэлбичгийн шалгалт Улаанбаатар хотод 12, хөдөө орон нутгуудад 22 шалгалтын байранд явагдана. Хөдөө орон нутгуудад аймгийн төвд байршилтай томоохон лаборатори сургуулийг сонгож авдаг учир шалгуулагчид төөрч будилах асуудал харьцангуй гайгүй байдаг. Харин дүүрэг бүрээр нь 12 байршлыг дурдвал;

  • Чингэлтэй дүүргийн сургуулийн сурагчид 39-р сургууль
  • Баянзүрх, Налайх, Багахангай дүүргийн сурагчид 48-р сургууль, 84-р сургууль 
  • Хан-Уул дүүргийн сурагчид 52-р сургууль, 18-р сургууль
  • Сонгинохайрхан дүүргийн сурагчид Монголын Үндэсний Их Сургууль
  • Баянгол дүүргийн сурагчид 28-р сургууль, 40-р сургууль дээр тус тус Монгол хэлбичгийн шалгалтаа өгөх юм.

Гэхдээ хүүхдүүд хэвлэж авсан суудлын хуваарь дээрээсээ шалгалт өгөх байршлаа давхар харах боломжтой. Регистерийн дугаар, бүртгэлийн дугаараараа нэвтэрч ороход аль сургуулийн ямар ангид, хэдэн номерийн ширээ сандал дээр гээд нарийн заагаад өгсөн байгаа. 

Өмнөх жилүүдэд шалгалт зохион байгуулахад гарсан алдаа дутагдал, анхаарвал зохих зүйлсийг дурдвал, зам маршрутаа маш сайн тооцох хэрэгтэй. Маргааш буюу гуравдугаар сарын 23-ны өдөр хэдий амралтын өдөр ч гэсэн цаг хугацаа болон шалгалтын байр хүртэлх маршрут, замын түгжрэлийг маш сайн нарийн тооцоолох хэрэгтэй гэж зөвлөе. Мөн шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө ирж бичиг баримтаа шалгуулаад нэвтрэх, 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байх шаардлагатай. Шалгуулагчид дараах гурван төрлийн бичиг баримтыг бүрдүүлэх хэрэгтэй. Тэдгээрийн аль нэгийг авчраагүй тохиолдолд шалгалтад орох боломжгүй болно. Үүнд эцэг эх, анги удирдсан багш ч анхаарах хэрэгтэй юм. 
- Суудлын хуваарь 
- Өөрийн иргэний бичиг баримт
- Өмнөх оны төгсөгчид бүрэн дунд боловсролын үнэмлэхтэй, энэ жилийн төгсөгчид 3х4 хэмжээтэй цээж зурагтай, сургуулийн захирлын гарын үсэгтэй тодорхойлолттой тус тус ирэх ёстой. 

Шалгалтын явцад журмыг зөрчих тохиолдол хэдий багасаж байгаа ч жил бүр гардаг хэвээр байна. Тухайлбал, гар утас болон бусдад мэдээлэл дамжуулах боломжтой хэрэгсэл нууж авч орох тохиолдол мэр сэр байдаг. Тиймээс БҮТ-өөс шалгалтын анги танхимд ашигладаг хяналтын тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн. Өнгөрсөн жил нэгэн сурагч гар утас авч орон мэргэжлийн багш руугаа мессеж бичсэн зөрчил гарсан. Журамд зааснаар үүний хор уршгаас болж тухайн хүүхдийн ЭЕШ-ын шалгалтын дүн бүгд хүчингүй болно. Мөн тухайн хууль бус үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн багш, хамтран оролцсон хүний багшлах эрхийг хасах болон бусад төрлийн хариуцлагыг хүлээлгэдэг. Амьдралынхаа чухал сонголтыг хийж байгаа үедээ буруу алхам бүү хийгээсэй гэж хүсэх байна. Монгол хэлбичгийн шалгалтад хариултын хуудас гэж байхгүй ба шалгалтын дэвтэр дээрээ зөвхөн хөх өнгийн үзгэн балаар бичнэ. 

-Нэг сурагч дунджаар хэдэн шалгалт өгдөг вэ?
- Энэ жилийн оюутан элсүүлэх журамд зааснаар нэг сурагч хамгийн багадаа 2 хичээл сонгох боломжтой. Өмнөх жилүүдэд шалгалт өгч байгаа хүүхдүүдийг ажиглахад дийлэнхдээ 4-5 хичээл сонгон шалгалт өгдөг. Энэ нь тухайн хүүхдийн мэргэжил сонголттой шууд хамаардаг ба инженерийн чиглэлээр суралцах бол математик физикийн шалгалт өгдөг, мөн нэмээд англи хэлний шалгалт өгөхөд нийгмийн ухаан, хууль эрх зүйн чиглэлээр суралцах боломж нээгдэнэ гээд янз бүр байдаг. Тиймээс нэг сурагч мэргэжил сонголтоос хамаараад 4-5 төрлийн шалгалт өгдөг. 

Хөдөө орон нутгийн хүүхдүүд маань шалгалт өгөхөөр аймгийн төвдөө нэг ирж, хуваарь сонгохоор дахин ирж цаг хугацаа, эдийн засгийн хувьд алдагдалтай байдаг үзэгдэл арилна

-Энэ жилийн өмнөх жилүүдийг бодоход харьцангуй бага тооны төгсөгчид байгаа шүү дээ. Энэ нь та бүхний ажлыг хөнгөвчилж байна уу?
-Төгсөгчдийн тоо цөөрсөн нь бидэнд давуу талыг үүсгэж байгаа юм. Учир нь энэ жил бид шууд засалтын шилэн төхөөрөмжийг ашиглана. Анх удаа ашиглаж байгаа учраас хүүхдүүдийн тоо цөөн байх тусмаа давуу талтай гэсэн үг. Бидний ашиглаж буй машин нь АНУ-д үйлдвэрлэгдсэн, цагт 2500 хариултын хуудас унших хүчин чадалтай. Одоогоор бүх шалгалтын байруудад энэхүү машинаа байршуулсан. Тэгэхээр хүүхдүүд шалгалт өгсөн даруйдаа хариугаа сонсох боломжтой болж, шалгалтын маргааш өглөө гэхэд үндэсний хэмжээнд дүн онооны жагсаалт гарах юм. 

Ингэснээр мөн хуваарь сонголт газар дээр нь хийгддэг болно. Ялангуяа хөдөө орон нутгийн хүүхдүүд маань шалгалт өгөхөөр аймгийн төвдөө нэг ирж, хуваарь сонгохоор дахин ирж цаг хугацаа, эдийн засгийн хувьд алдагдалтай байдаг үзэгдэл арилна гэсэн үг. Үүгээрээ маш том давуу талтай. 

Мөн энэ жилийн төгсөгчид 2019 онд бүрэн хэрэгжиж байгаа бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн хамгийн анхны төгсөгчид гэдгээрээ онцлогтой. Тиймээс энэ жилээс эхлээд ЭЕШ-ын сэдэв даалгаврыг бүрэн дунд боловролын цөм хөтөлбөрийн агуулгад нийцүүлж боловсруулна. Хэдий сурах бичиг хүүхдүүдэд оройтож хүрсэн ч өмнө нь багш нар янз бүрийн гарын авлага ашиглан цөм хөтөлбөрийн агуулгыг хүүхдүүдад хүргэсэн. Тиймээс багшийн судалсан, заасан, ашиглаж байгаа гарын авлагын агуулгад нийцүүлж даалгавар ирнэ гэж ойлгох хэрэгтэй.  

-Тэгэхээр цөм хөтөлбөрийн агуулга нь өмнө нь өөр агуулгаар бэлдэж байсан хүүхдүүдийг төөрөгдөлд оруулах сул талтай биш үү?
-Энэ жилээс эхлэн бүрэн хэрэгжиж байгаа цөм хөтөлбөрийн агуулга нь өмнө нь хэрэгжиж байсан үндэсний хөтөлбөртэй залгамж холбоотой. Өөрөөр хэлбэл, өмнө нь үндэсний хөтөлбөрөөр суралцаж байгаад цөм хөтөлбөрийн агуулгатай төгсөх нь том ялгаатай зүйл байхгүй. Харин ч ирэх жилээс сурагчид хичээл сонгох эрх нь илүү нээлттэй, өргөн болох юм. Жишээ нь, математикаар сонгон суралцах бол математик-1 гэсэн сэдвээр, заавал сонгон суралцах шаардлагагүй бол математик-2 гэсэн шатлалтай байх боломж нээгдэнэ.

Нэг үгээр, ЭЕШ нь зөвхөн 10 хичээлээр хязгаарлагдахгүй 20 хичээлийн агуулгад хүрэхүйц болж өргөжинө. Цөм хөтөлбөр бүрэн хэрэгжсэнээр хүүхдүүдэд илүү эерэг, уян хатан, шударга байх нөхцлийг бүрдүүлж байна гэсэн үг.  

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: GOGO.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601370
0 эможи

keyboard_arrow_up