Доктор Х.Мөнхбаяр: Төрийн их баяр наадам Монгол хэмээх үндэсний ижилсэл омогшлыг бий болгодог

2019 оны 7 сарын 04

“Монгол Улсын Үндэсний их баяр наадмын түүхийн судалгаа” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан түүхийн ухааны доктор Халтарын Мөнхбаяртай уулзаж ярилцлаа.


Arslan.mn-Монгол түмний энгүй их цэнгэл бол эрийн гурван наадам. Энэ сэдвээр дагнан судалж эрдмийн зэрэг хамгаалсанд баяр хүргэе!

-Баярлалаа. Жил бүрийн зуны дэлгэр сард монголчуудыг нэгтгэн нягтруулдаг сайхан зүйл бол яах аргагүй үндэсний их баяр наадам байдаг. Хууль зүйн утгаараа ч, бодит агуулгаараа ч, түүхэн үндсээрээ ч Үндэсний их баяр наадам бол төр улс байгуулагдсан, тусгаар тогтносон өдрийн баяр. Энэ нь улсын баяр, нийтийн их баяр цэнгэл Улсын наадам гэсэн Монголын төрт ёсны онцгой хоёр зан үйлийн нэгдэл юм. Монголчууд төр улсаа сэргээн байгуулсан 1911 оноос Монгол хэмээх төрт улсын тусгаар тогтнолыг батлан илэрхийлэх эрэлт шаардлагаас үүдсэн урт удаан хугацааны үйл явцын үр дүнд буй болжээ. Монгол Улсыг, монгол үндэстнийг дэлхий дахинд тунхаглан зарладаг учир монголчууд үндэсний их баяр наадмаараа төрт ёс, соёл, шашин шүтлэг, бэлгэдэл, зан заншил, идээ ундаа, худалдаа арилжаа, зугаа цэнгэл, хувцас, гоёл зүүсгэл зэрэг өв соёлынхоо охь дээжийг цогцлоон харуулдаг. Наадмыг 2011 онд ЮНЕСКО дэлхийн соёлын өвд бүртгэж авсан.

-Монголчуудын баяр наадам хэзээнээс бий болсон юм бол?

-Баяр наадмын үүслийн тухайд НТӨ 6.000-НТ 1698 онд хамаарах найман өөр саналыг судлаачид дэвшүүлсэн жишээгээр судалгаа гүнзгийрч, цэгцэрч чадаагүй байгааг харж болно. Баяр наадмын түүх, соёл, уламжлалын талаар шинжлэх ухааны үндэстэй судалгаа байхгүй байгаа нь монгол наадмын талаар хуурамч мэдлэг, эргэлзээ бүхий түүх бий болоход нөлөөлсөөр ирснээс гадна сүүлийн үед монгол наадмыг орчин үежүүлэх нэрийн дор санаатай, санаандгүйгээр үндсэн уламжлалыг нь эвдэн бусниулах оролдлого гарахад хүргэж байгаа. Энэ нь Монгол Улсын тусгаар тогтнол, монгол үндэстний оршихуйд аюул учруулж байна. Тиймээс миний бие “Монгол Улсын үндэсний их баяр наадмын түүхийн судалгаа. 1911-2018 он” сэдвээр эрдэм шинжилгээний бүтээл хийхээр шийдсэн. Баяр наадмын түүх, үнэ цэнийг нь бодитоор тодруулахыг хичээсэн энэхүү бүтээлийг маань Монгол Улсын Түүх, антропологи, археологийн эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөл хэлэлцээд зуун хувийн саналаар түүхийн ухааны докторын зэрэг олгосонд залуу судлаачийн хувьд маш их баяртай байна. Би энэ судалгаанд бүтэн арван жилийг зориулсан. Судалгаа маань шинжлэх ухааны зэрэгт нийцэх бүтээл болоход удирдагч багш, түүхийн ухааны доктор, академич Ж.Болдбаатар, албан ёсны шүүмжлэгч түүхч, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор З.Лонжид, нэрт эрдэмтэн, угсаатны зүйч, доктор, профессор Г.Цэрэнханд болон МУИС-ийн Түүхийн тэнхим, Антропологи-Археологийн тэнхим болон МУБИС-ийн Түүхийн тэнхимийн эрдэмтэн багш нар, ШУА-ийн Түүх-Археологийн хүрээлэнгийн эрдэмт судлаачдын санал зөвлөгөө хамгийн чухал байлаа.

-Төрт ёсны хоёр гурван мянган жилийн түүхтэй ард түмэн маань зургаа, долоон мянган жилийн өмнөөс наадамдаж байсан байх нь ээ?

-Монгол оронд бэлчээрийн нүүдлийн мал аж ахуй төгөлдөржин тогтсон үеэс малчин түмэн урин дулаан цагт тайлга тахилгын ёслолын үеэр цуглан, баярлан цэнгэж ирсэн нь монголчуудын баяр наадмын уг сурвалж болсон. Бэлчээрийн нүүдэлч малчдын эрэмгий дайчин чанар, сүр жавхлан, баяр бахдлыг илэрхийлэгч бөх, харваа, хурдан морины уралдааныг багтаасан онцлог нь баяр наадмыг олон түмнийг татагч онцгой чанартай болгосон байна. Энэ давуу талыг Хүннү гүрний үеэс төрийн засаглалыг батжуулах, засаглалыг тэлэх, хүлээн зөвшөөрүүлэх төрийн арга хэрэгсэл болгон ашиглах болсон нь цаашид монгол нутаг дахь удаа дараагийн төр улсуудад ч уламжлагдсан. Төрийн дээрх хүсэл зориг эргээд баяр наадмыг үндэсний ижилслийг бүтээх замаар үндэстний төр, үндэстэн байгуулалд чухалд түлхэц үзүүлэгч болгосон нь төр улсаа сэргэн тогтоосон 1911 оноос хойших Монгол төрийн түүх гэрчилж байгаа юм. Төрийн тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан 1911 оноос Монголд орчин цагийн төрт ёсны баяр болох тусгаар тогтносон өдрийн баяр “Улсын баяр ёслол”-ыг ёслон тэмдэглэх болсон нь эдүгээгийн Үндэсний их баяр наадам төлөвшин тогтохын эхлэл болсон.

-Өмнө нь наадам тэгтлээ хэлбэршиж тогтоогүй байсан гэсэн үг үү?

-Улсын баяр шинээр үүсэн буй болохын сацуу монголчуудын уламжлалт баяр цэнгэл наадам мөн 1911 оноос хойш төрт ёсны агуулгаар шинэчлэгдэж, хожим нэгдэн нийлж, Үндэсний их баяр наадам болсон. Монгол Улсын Үндэсний их баяр наадам өнгөрсөн зуугаад жилд Улсын баяр ба Улсын наадмыг тус тусад нь тэмдэглэж эхэлсэн үе 1911-1930 он, Улсын баяр, Улсын наадмыг хамтатган тэмдэглэсэн үе 1931-1953 он, Баяр наадмыг нэгтгэн нийлүүлсэн үе 1954-2018 он гэсэн үндсэн гурван хэлбэрээр шат дараалан хөгжиж, монголчуудын эв нэгдэл, харилцан ойлголцолд чухал нөлөө үзүүлсэн. Төрийн ашиг сонирхлын дүнд баяр наадам монгол үндэсний ижилслийг бүтээх, бататгах үүрэгтэй нийгмийн бие даасан институц болсон байдаг. Тиймээс, социализмын жилүүдэд бүх ард түмнийг хувьсгалт үзэл санаагаар нэгтгэн нягтруулах зорилтын хүрээнд баяр наадмыг “Ард түмний их баяр наадам” гэсэн агуулгатай зохион байгуулж байсан нь “Монгол хүн”, “Би монгол хүн”, “Монгол” гэсэн үндэсний ижилсэл шинээр тогтож, үндэстний төр хийгээд үндэстэн байгууллын чухал суурь болсон. 1992 оноос хойших үндэсний их баяр наадам монгол төрийн түүхэн уламжлалыг онцгойлон тэмдэглэж, Чингис хааны өвлүүлсэн үнэт зүйлийг сэргээн босгох замаар үндэсний шинэ ижилсэл бүтээхэд чиглүүлж байна.

-Олноо өргөгдсөн оноос өмнө наадам тэмдэглэдэг байсан даа?

-Долоон хошуу даншүг наадам 1700 оноос үүсэн хөгжсөн л дөө. 1922 оноос билгийн улирлын зуны адаг сарын шинийн 6-нд ёслон тэмдэглэх болсон Улсын баяр нь 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд анх тэмдэглэж, 1921 он хүртэл жил бүрийн өвлийн адаг сарын шинийн 9-нд Монгол Улс даяар ёслон тэмдэглэж байсан Улсын баяр ёслолын залгамж болсон юм. 1922 оноос билгийн тооллыг баримтлан ёсолж байсан Улсын баярыг 1925 оноос аргын долдугаар сарын 11-нд тэмдэглэж эхэлсэн нь өнөөгийн журам болон тогтсон. Улсын баярыг 1911 оноос улсын нийслэлд, 1931 оноос улс нийтээр нэгэн өдөрт, төрт ёсны наадмыг 1911 оноос Нийслэл хүрээнд, 1931 оноос орон нутагт өөр цаг үед хийж байгаад 1960-аад оны эхнээс улс нийтээр нэгдсэн журмаар нааддаг болсон.

-Ардын засгийн анхны наадам гэж ном зохиол, кинонд хүртэл гарч байдаг. Тэр наадмыг Хиагтад хийсэн юм уу, Хүрээнд хийв үү?

-1921 оны долдугаар сарын 11-нд Хиагтад Салдааз овоог тайж хийсэн наадмыг судлаачид Ардын цэргийн анхны баяр наадам, орон нутгийн овоо тахилгын наадам, зөвхөн тухайн ёслолын наадам, Монголын анхны хувьсгалт шинэ баяр ёслол гэх зэргээр тодорхойлсон байдаг. Түүхэн баримтыг шинжлэхэд, Цэрэг овооны 1921 оны долдугаар сарын 11-ний наадмын хүрээ хэмжээ орон нутгийн чанартай, зохион байгуулалтын хэлбэр нь овоо тахилгын наадмын шинжтэй боловч Ардын түр Засгийн газраас томилсон Хиагтын сайд С.Билэгсайхан тэргүүлэн тус сайдын яамны ажлын алба наадмыг удирдан зохион байгуулсны дээр наадмын зорилго нь Ардын Нам төрийн эрх авч, Ардын засгийг байгуулсан хувьсгалын ялалтыг тунхаглан тэмдэглэхэд чиглэж байсан нь уг наадмыг Ардын засгийн анхны наадам болохыг тодосгодог. 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын ялалтад зориулсан анхны наадам 1921 оны долдугаар сарын 11-нд тус улсын хойд хилийн Хиагт боомтын орчимд Салдааз овооны тахилгын үеэр болсон гэж хэлж болно.

-Та эрдмийн зэрэг хамгаалсан хүний хувьд монгол наадмыг цаашид ямар байгаасай гэж боддог вэ?

-Үндэсний их баяр наадмын хамгийн гол амин сүнс нь бол сэтгэлийн их цэнгэлээс гадна ард түмний эв нэгдлийг хангах юм. Тэрнээс биш нутаг усаараа ч юм уу талцан хагарах зүй бус үзэгдэл яавч биш байх учиртай. Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг бататгах өнөөгийн бодит эрэлт шаардлагад нийцүүлэн баяр наадмын өөрчлөлт, шинэчлэлтийг үндсэн мөн чанарыг нь сэргээн төгөлдөршүүлэх замаар монголчуудын үнэт зүйлсийн тогтолцоог бат болгож, үндэсний ижилсэлд дөтлүүлэх хамгийн чухал зангидагч нь монгол наадам байсаар байх болно доо.

Л.БАТЦЭНГЭЛ

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605588
0 эможи

Зочин
2019-07-04 11:52
гоё хэлжээ
keyboard_arrow_up