Наадмын ДЭЭЛ 120-150 мянган төгрөгийн үнэтэй байна

2019 оны 7 сарын 04

Arslan.mn

“Наадам, наадам...” гэх яриа олны дунд догдлол үүсгэжээ. Нар хур тэгширсэн зуны дэлгэр цаг хэдийнээ талдаа орж Тулгар төрийн 2228, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадам хаяанд ирлээ. Нийслэл хотноо наадмын бэлтгэл ажил өрнөсөөр байгаа энэ үед наадмын гоёлоо сонгох цаг аль хэдийнээ болжээ.

Мандах төрийн малгай Бүтэх төрийн бүс Дэвших төрийн дээл Тулах төрийн гутлаар наадмаа гоёж, үндэсний их баяр наадмаа хүндэтгэдэг тогтолцоо тогтсон нь сайшаалтай. Сүүлийн жилүүдэд монгол дээлийн загварыг орчин үеийн хувцасны хэв маягтай хослуулан хийх болсон. Ингэснээр монгол дээл хувцсаа баяр, наадам төдийгүй өдөр тутамдаа өмсөж хэвших болжээ.

Энэ жилийн наадмын гоёлын онцлогоос дурдвал, өвөрмөц өнгө, өнгө өнгийн цэцгэн хээ зонхилж байгаа нь олны анхаарлыг ихэд татаж байна. Энэ мэт шинэ содон загварын хувцас хэдэн төгрөгийн үнэтэй байгааг сонирхохоор “Нарантуул" олон улсын худалдааны төв, “Хархорин” захыг зорьсон юм.

Бид хамгийн их хүн үйлчлүүлдэг, олон улсын худалдааны төв “Нарантуул” захад очив. Бороо орж, шавар шавхай ихтэй ч хүний хөл хөдөлгөөн их байлаа. Тус зах үндэсний их баяр наадмаар тав хоног амрах тул хэдийгээр мягмар гарагт амрах ч ажиллаж байлаа. Зөвхөн Монголд л байх үндэсний их баяр наадмыг монгол дээлгүйгээр төсөөлөхийн аргагүй.

Төрөл бүрийн худалдаа, үйлчилгээ явуулдаг энэ захын гол хэсэгт нь дээлний төвлөрсөн лангуунууд байдаг. Үндэсний дээл жил ирэх тусам загвар болон өнгөний арвин их сонголттой болж байгааг лангуунуудын төрхөөс харж болох юм. Улаан, шар, урт, богино, хээтэй, цэцэгтэй, цулгуй гээд төрөл бүрийн дээлийг эндээс төвөггүйхэн олж болно. Уг худалдааны төв дэх дээлүүд хийц, материалаасаа хамаарч 120-250 мянган төгрөгийн үнэтэй байна. Тодруулбал, Монгол цамц 45-85 мянган төгрөг, хүүхдийн цамц наснаасаа хамааран 20 мянган төгрөгөөс дээш үнэтэй байх жишээтэй.

Эмэгтэйчүүдийн дунд тренд болоод буй даашинзан загварын дэрвэгэр хормойтой, хурц тод өнгө бүхий урт дээл 150-160 мянган төгрөг. Харин шулуун, сул загварын, дэрвэгэр богино дээл 65-120 мянган төгрөгийн үнэтэй байв.

Үндэсний хувцасны худалдагч А.Амаржаргал “Цаг дулаарахаар эмэгтэй дээлний эрэлт хэрэгцээ их болдог юм. Эмэгтэйчүүд хонхны баяр, наадам, хурим найр төдийгүй өдөр тутамдаа дээл өмсөх нь нэмэгдэж байна. Нэг үеэ бодвол манай иргэд үндэсний баяр наадмаараа дээл өмсөх болсон нь сайн хэрэг. Тиймээс ойрд хөл хөдөлгөөн ихтэй, борлуулалт дажгүй байна. Дээлийн үнийн тухайд харьцангуй тогтвортой байгаа шүү. Наадам дөхлөө гээд үнэ өсөөгүй” гэдгийг онцолж байв.

Дээл болон монгол цамцаар гоёход малгай, бүс, гутал гээд монголчуудын донжийг харуулах олон зүйл хэрэг болно. Хэрвээ хувцасныхаа өнгөтэй хосолсон малгай тавьчихвал их л зохимжтой харагдах нь мэдээж. Иймээс малгай, бүсний лангуугаар түр саатахад Хятадаас орж ирсэн бүрх малгай 15-25 мянган төгрөг, шляп малгай 30-130 мянган төгрөг, дуураймал мөнгөн бүс буюу хөнгөн цагаан бүс нь 25-85 мянган төгрөг, арьсан бүс 25-40 мянган төгрөгөөр худалдаалж байлаа.

Малгайны тасгаас параад наадмын бас нэгэн гоёлд тооцогдох гутлын хэсэгт очлоо. Үндэсний хувцас, чимэглэлд тохирсон гутал тухайн хүний загварын хэв маягийг "амь оруулж” чаддаг. Тиймээс ч хэв маягийн тодотгол болсон гутал цөөн хэдэн төрөлд хуваагдах болж. Тус худалдааны төвд буриад гутал 60-65 мянган төгрөг, цагаан улт гутал 50-55 мянган төгрөг, хүүхдийн гутал мөн л наснаасаа хамаараад 20 мянган төгрөгөөс илүү үнэтэй байв.

Харин монгол хром 85 мянган төгрөг, бэлдэц хром 150 мянга, хээтэй арьсан гутал 200 мянган төгрөгийн үнэтэй байсан бол монгол гутлын хамгийн бага үнэ 350 мянган төгрөг байх юм. Үндэсний rap хийцийн гутлын худалдагч В.Хадбаатар “Зах зээлд үндэсний хэв маягийн гутал эрэлт тун бага байдаг.

Малчдын өдөр тутамдаа хэрэглэх гутал аажим аажмаар зарагдсаар дуусдаг. Харин гоёлын гутал зарагдах нь бага. Төв суурин газар наадам, цагаан сараар ёс төдий хэдхэн хоног үндэсний гутлаа өмсдөг болсон. Тиймээс нэг гутлыг хамгийн багадаа таван жил өмсдөг. Байнга өмсдөггүй болохоор өндөр үнээр гутал авдаг хүн цөөхөн байна" гэв.

Зарим хүний хувьд бэлэн дээл авахаасаа илүү өөрийн хүссэн загвар, хийц бүхий хувцас хийлгэж өмсөхийг чухалчилдаг болсон. Тиймээс “Нарантуул” захын бөс барааны хэсэгт оров. Эмэгтэй торго 5-35 мянган төгрөг, эрэгтэй дээлийн даавуу 7-25 мянган төгрөгийн үнэтэй байна. Энэ жил бүсгүйчүүдийн сонгох болсон даашинзан загварын дээлийн материалын хувьд гурван метр нь 50 мянган төгрөг болохоор байна.

Мөн дурдан бүс 2,500-5,000 төгрөг, оёмол бүс 20-25 мянган төгрөг. Материалын чанар сайн, үнэ хямд, олдоц их байгаа ч дээл оёх хүн ховор байгаагаас хүмүүсийн худалдан авалт бага болсон гэдгийг худалдаачид хэлж байв. Мөн оёдолчин байсан ч дэндүү өндөр үнээр оёдог болохоор хүмүүс бэлэн дээл их авахыг илүүд үзэж байгаа гэнэ.

Урьд өмнөх жилийнхтэй харьцуулахад өөрөө дээл оёж өмсөх хүмүүсийн тоо улам л багасаж байгаа аж. Үндэсний биет өв соёлын нэг болсон дээл оёх үүлэнд уран бүсгүйчүүд ховордож байгаа нь улсын хэмжээнд яригдах асуудал мэт. Ингээд бид үндэсний баярт зориулсан хэрэгслүүдийн үнэ болон худалдаачдын сэтгэгдлийг сонсоод “Хархорин" худалдааны төвд ялгаа байгаа эсэхийг сонжихоор боллоо.

“Хархорин” худалдааны төвийн гадна ирэхэд машины зогсоол дүүрсэн байв. Тэр хэрээр үйлчлүүлэгчид ч олон байлаа. Хамгийн түрүүнд II давхрын торго, бүсний тасагт очив. Торго 8-35 мянган төгрөг, даавуу 8-15 мянга, дурдан бүс 2,000-5,000, оёмол бүс 20-25 мянга, дээлийн эмжээр 6-10 мянга, даашинзан загварын дээлийн материал гурван метр нь 55 мянган төгрөгийн ханштай байсан нь “Нарантуул” захын үнэтэй харьцуулахад их ялгаагүй мэт.

“Хархорин” захын торго, бүс бараа худалдагч н.Тогтуур “Наадам ойртож байгаа болохоор бүх л материал эрэлттэй байна. Ялангуяа монгол цамцны материал илүү борлогдох болсон нь үндэсний хэв шинжийг харуулж чаддаг хэр нь хямд зардлаар бүтдэг хувцсыг сонгож өмсөх болсон биз. Мөн залуу бүсгүйчүүд, охидууд цэцгэн хээтэй, тод өнгийн нимгэн даавуун материал сонирхож авч байна” гэлээ.

Харин IV давхрын дээлийн тасагт очиход материалаас шалтгаалан эрэгтэй дээл 85-300 мянга, эмэгтэй нь 130-250 мянган төгрөгийн үнэтэй байв. Харин монгол цамц 45-100 мянга, хүүхдийн цамц нь 20 мянган төгрөгөөс дээш үнэтэй байна. Ингэж явсаар гутлын тасагт ирэв. Урьдын адилаар үнийг нь харахад, монгол хром 85 мянган төрөг, орос хром размераасаа хамааран 350 мянгаас дээш үнэтэй аж. Хүүхдийн гутал, буриад гутал, цагаан улт, монгол гутал зэрэг нь “Нарантуул” захын үнэтэй ижил байлаа.

Иргэдийн хувьд салонуудаар дээл оёулаад өмсөх бололцоо тэр бүр байдаггүй. “Түмэн торго” салоноор жишээ авбал, монгол цамц 110 мянга, дээл 300 мянгаас дээш төгрөгийн үнэтэй байх юм. Тийм ч учраас хямд үйлчилгээ үзүүлэх бэлэн дээл авах иргэд олон болсон аж.

Хотол олноороо цэнгэн наадахад хэдхэн хоног үлдсэн энэ өдрүүдэд монгол хувцсаа худалдан авах иргэд олон байгаа нь сэтгэлд нэг л таатай сайхан. Гадаадын жуулчдын нүдийг хужирласан өнгөлөг, дэгжин дээлээ төв талбайг чимэх хүмүүс олон байх биз ээ.

Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
605578
1 эможи

DR. PRADHAN
2019-07-04 10:58
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
keyboard_arrow_up