Б.Отгонсүх: Нийслэлийн хөгжлийн тулгуур нь өнөөдрийн зам гүүрийн БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, хөрөнгө оруулалтаас эхлэлтэй

2019 оны 11 сарын 04

Arslan.mn

Нийслэлийн Зам, Тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхтэй ярилцлаа.

Танд энэ өдрийн мэнд хүргэе.

Нийслэлийн 380 жилийн ойн босгон дээр энэ жил Улаанбаатар хотын хувьд зам, гүүрийн дэд бүтцийн олон бүтээн байгуулалтын ажлууд өрнөж эхнээсээ ашиглалтад орж байна. Энэ мэдээллээс уншигчиддаа хүргэхгүй юу?

Баярлалаа. Нийслэлийн хувьд жил бүр хийгддэг урсгал засвар, хороолол дундын шинэ замын засварын төлөлөгөөт ажлууд хийгдэж байгаа. Үүнээс илүүтэйгээр хотын хэмжээнд хийгдэж байгаа ач холбогдол, төслийн санхүүжилт, цар хүрээний хувьд ч улсдаа томоохонд тооцогдох мега төслүүдийн талаар ярилцаж мэдээлэл өгөх нь зүйтэй болов уу.

Юуны өмнө энэ жилийн онцлог төслөөр Налайх-Чойрын чиглэлийн 20.9 км авто замын шинэчлэлийн төслийг нэрлэмээр байна.  2019 оны 04 дүгээр сарын 15-нд эхэлсэн  ч энэ ондоо багтаан замын хөдөлгөөнийг нээх амбицтайгаар ажиллаж, ийнхүү өнөөдөр нээж байна.

Төслийн гүйцэтгэлийн шатанд 400 гаруй инженер техникийн ажилчид, 150 гаруй техник ашиглаж байна. Товчхондоо төслийн гүйцэтгэл чамлахааргүй үр дүнтэй явна. Энэ зам маань ашиглалтанд орсоноор зөвхөн Улаанбаатар хотын төдийгүй зүүн 3 аймаг, Чойр, Замын-Үүдийн ачаа тээвэр, ложистик, Тэрэлжийн аялал жуулчлал бүсийн хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх тэдгээрийг дагасан эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх улс орны хэмжээний ач холбогдолтой төсөл гэж харж байна. Миний бие төслийн удирдагчийн хувьд технологийн горим мөрдүүлэх, явцын хяналтыг тогтмол хийж, шаардлагатай нөхцөлд хотын удирдлагыг төлөөлж байгаагийн хувьд холбогдох эрх бүхий албан тушаалтантай хамтран шуурхай удирдлагаар ханган ажиллаж байна. 

Налайх-Чойрын 20.9 км автозамын хувьд Монгол улс дахь “нэгдүгээр зэрэглэл”-ийн гэх хоёр дахь зам гэдгээрээ онцлог.

Дулааны улирал эхэлсэн үед дахин дөрвөн сантиметр асфальтан хучилт нэмж хийх юм. Мөн явган хүн, дугуйн зам гаргаж, 2020 оны долдугаар сарын 01 гэхэд бүрэн дуусгах төлөвлөгөөтэй. Өнөөдрийн байдлаар 900 ширхэг гэрлийн шонг 30 метр тутамд байршуулах ажил 50 хувьтай, 6 байршилд явган хүний гарц, хуучин товчооны уулзвар дээр түр гэрлэн дохио байрлуулах, замын тэмдэглэгээний ажил хийгдэж дууслаа. Түүнчлэн Хонхор тосгон руу эргэх Т хэлбэрийн уулзвар, буцаж эргэх 5 хэсгийг тус тус хийж өгсөн.

Сая замын цагдаагийн гүүрний В хэсгийн зорчих хэсгийг нээлээ. Тохижилтын ажлууд нь ирэх хавар хийгдэх үү?

Энэ жил Монголд анх удаа дэвшилтэт технологийг ашиглаж БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжигдэж байгаа “Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төсөл”-ийг дурьдмаар байна. Энэ төсөл бүрэн ашиглалтанд орвол Нийслэлийн замын хөдөлгөөний эрчим нэмэгдүүлж, Энхтайваны гүүрийн болон Нарны зам-Замын цагдаагийн уулзварын ачаалал буурах ач холбогдолтой төсөл юм. Нөгөө талаар орчин үеийн зам, гүүрийн барилгын шинэ технологи, техник нэвтрүүлсэн олон түвшний огтлолцол бүхий байгууламж гэдгээр Монголдоо анхдагч болох прожект. Өнгөрөгч  09 дүгээр сарын 16-ны өдөр гүүрийн босоо чиглэлийн үндсэн дөрвөн эгнээтэй, 477 метр урт төмөр бетон үндсэн гүүрийн хөдөлгөөнийг нээж 10 дугаар сарын 11-ны өдөр гүүрийн урд хэсгийн буцаж эргэх хөдөлгөөнийг (U-turn) нээсэн. Гүүрийн бусад дэд хэсгүүд болох налуу зам, рампын В хэсгийн хөдөлгөөнийг сая аравдугаар сарын 29-ний өдөр нээлээ. Ингэснээр нарны замаас баруун гар тийш эргэн Их Монгол улсын гудамж руу орох боломжтой болсон.

Мөн Туул голыг дамнасан баруун болон зүүн захын 2 томоохон гүүр болох Сонсголонгийн болон Баянзүрхийн гүүрийг шинээр барих болон хүчитгэн засварлах төсөл Нийслэлчүүдийн хувьд нэн шаарлагатай ажил болсон гэж үзэж байгаа.

Сонсголонгийн гүүрийн хувьд 1971 оноос хойш томоохон засвар, шинэчлэлт огт хийгдээгүй байсан. Тус гүүрийн хуучин гүүрийг засварлах, төмөрбетон гүүрийг шинээр барих төслийн ажил бүрэн дуусч  төмөрбетон хос гүүрийн хөдөлгөөнийг 2019 оны 09-р сарын 20-ны өдөр хөдөлгөөнийг нээсэн.

Баянзүрхийн гүүрийн тухайд 1967 онд ашиглалтанд орж 1987, 2008 онуудад их засвар хийсэн ч цаашид дахин засварлах боломжгүй гэсэн нөхцөлтэй болсон байсан. Иймээс энэ гүүрийг Налайх-Чойрын чиглэлийн 20.9 км авто замын шинэчлэлтийн төсөлд багтаан шинээр барих нь зүйтэй гэж үзсэн. Одоогоор Баянзүрхийн төмөрбетон гүүрийн бүтээн байгуулалт 90 орчим хувьтай явж байна. Сая дурьдсан 2 гүүрийн бүтээн байгуулатын ач холбогдлыг Нийслэлийн иргэд маань надаар хэлүүлэлтгүй ойлгож байгаа байх. Баруун бүсийн Сонсголонгийн гүүрийн хувьд Яармагийн дэд төвийн бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх, үйлдвэрлэлийн бүсийн тээвэр, ложистикыг дэмжих, Хөшгийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал руу зорчих хөдөлгөөнийг эрчмийг нэмэгдүүлж, төвлөрлийг бууруулах, тээврийн хэрэгслийн замын хөдөлгөөнд аюулгүй зорчих нөхцөлийг бий болгох гээд олон ач холбогдолтой.

Arslan.mn

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийн асуудал бол яах аргагүй тулгамдсан асуудлуудын нэг. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд онцлон хийж хэрэгжүүлж буй томоохон ажлаасаа онцлохгүй юу.

Улаанбаатар хотын барилгажсан хэсгийн нутаг дэвсгэрт бизнес, худалдаа үйлчилгээ, соёл, боловсрол, эрүүл мэндийн болон нийгмийн үйлчилгээ хотын төв хэсэгт төвлөрч, хөдөлгөөний урсгалыг өөртөө татаж, тээврийн хэрэгслийн түгжрэл үүсгэх үндсэн шалтгаан болж байна.  

Өөрөөр хэлбэл Нийслэлийн 1,5 сая иргэдийн 1,2 сая нь өдөр тутамдаа 501.934 автомашин, нийтийн тээврийн 1000 орчим автобус, тройллейбус,бүртгэлтэй 598 таксигаар үйлчлүүлж байдаг. Харамсалтай нь энэ үзүүлэлт маань дэлхийн бусад хотуудтын тээврийн хэрэгслийн тоо, замын нөхцөлтэй харьцуулахад дунджаар 10 дахин бага буюу хотын замын сүлжээ, тээврийн хэрэгслийн ачаалал авах чадвар тэр хирээр “муу” гэсэн тооцоолол байдаг. Иймээс автомашины хөдөлгөөний тодорхой нөхцлөөр хязгаарлах, нийтийн тээврийн хүрэлцээ, сонголтыг нэмэгдүүлэх гэсэн бодлогыг Нийслэлийн удирдлагын зүгээс баримталж байгаа.  Бид энэ бодлогын хүрээнд нийслэлийн автозамыг 2019 оны наймдугаар сарын 15-наас А,В,С бүсчлэлд хуваах ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ч иргэдийн дунд явуулсан санал асуулгаар дэмжигдээгүй тул түр хойшлуулах болсон.

Нийтийн тээврийн хувьд бид өнөөдөр нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлдэг автобус базын шинэчлэлийг 2020 онд хийж 300 автобусаар парк шинэчлэлт хийхээр  төлөвлөн НИТХ-д танилцуулахаар ажиллаж байна.

Үүгээр зогсохгүй нийтийн тээврийн хэрэгслийн сонголтыг нэмэгдүүлэх чиглэлээр Монорэйл (Monorail), Кабел кар (Cable car), Тусгай замын автобус  (BRT) зэрэг 3 төслийн судалгаа, боловсруулалт хийгдэж байгаа.

"Cable car буюу агаарын дүүжин замын тээврийн хэрэгсэл” төслийн ТЭЗҮ нь бүрэн боловсруулагдаж дууссан. Төслийн хүрээнд "Cable car" буюу агаарын дүүжин замын тээврийн хэрэгслийг Зайсангаас Хүүхдийн ордон, Баянхошуунаас 3,4 дүгээр хорооллын хооронд явуулахаар төлөвлөсөн.

“Cable car"-ийн онцлог нь аливаа саадгүй агаараар зорчих учраас зорчигчдыг цагийг хэмнэж, богино хугацаанд олон зорчигчыг тээвэрлэх боломжтой болно. Жишээлбэл, Баянхошуунаас 3,4 дүгээр хорооллын хооронд гэхэд 6-7 минутанд зорчих боломжтой болно.

Монорэйл (Monorail), Тусгай замын автобус  (BRT) төслүүдийн хувьд судалгаа, техникийн боловсруулалт ид хийгдэж байгаа. Богино хугацаанд түгжрэлийг бууруулах бас нэгэн боломжит хувилбар нь такси үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээний стандартыг нэмэгдүүлэх гэж үзэж байгаа.  Энэ зорилгоор такси үйлчилгээний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх мөн хувиараа такси үйлчилгээ үзүүлж байгаа иргэдийг судалгаанд хамруулж бүртгэлжүүлэхээр ажиллаж байна.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610012
2 эможи

keyboard_arrow_up