Ерөнхийлөгчийн “улс төр”

2019 оны 10 сарын 01

Arslan.mn

-Хамгийн үр дүнгүй ээлжит бус чуулган боллоо-

УИХ-ын дарга өчигдөр ээлжит бус чуулганыг хааж хэлсэн үгэндээ урьд хожид байгаагүй үр дүнтэй хуралдаан байсныг онцлон дүгнэлээ. Долдугаар сарын 4-нөөс есдүгээр сарын 30 хүртэл бүтэн хоёр cap гаруйн хугацаанд ээлжит бус чуулган хуралдсан нэртэй ч хүлээгдэж байгаа чухал хууль, тогтоолын төслөө батлаагүй.

Өнөө л улстөржилт, талцал маргаантай холбоотойгоор УИХ-ын үйл ажиллагаа cap орчим гацсан юм. Үүнийгээ “Гишүүдийг тойрогтоо ажиллаад ир гэж аман байдлаар УИХ-ын дарга чиглэл өгсөн” хэмээн 64-ын бүлгийг зангидаж буй Д.Тогтохсүрэн дарга эвтэйхнээр тайлбарласан.

Өнгөн дээрээ ийм ч УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах яриа эрчээ авсантай холбоотойгоор чуулган, Байнгын хорооны ирц бүрдээгүй, гишүүд “ацан шалаа”-нд орж, тэр хэрээр төрийн ажил гацсан.

Чухам л ээлжит бус чуулганаар шийднэ гээд байсан ард нийтийн санал асуулга явуулах тов, зардлын хэмжээг тогтоож чадаагүй. Харин Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж, Ард нийтийн санал асуулга явуулах тогтоол, Ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эхийг ээлжит бус чуулганаар баталсан.

Гэхдээ яг өнөөдрийн нөхцөл байдлыг авч үзвэл “эцэг” хуулийн өөрчлөлтийг энэ удаагийн парламент хийж чадах эсэх нь эргэлзээтэй харагдаж байгаа юм.

Улс төрийн өнөөгийн нөхцөл “хоржоон”-той байна. Утасны үзүүрийг хөөвөл, долдугаар сард Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулах зөвшилцөх ажлын хэсгээс эхтэй.

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөлтэй Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний төслийг нэгтгэн “эцэг” хуулийн 24 зүйл 40 гаруй заалтыг өөрчлөхөөр болоод байв. Хэдийгээр Ерөнхийлөгчийн төслөөс авч нэгтгэсэн ч түүний оруулахыг хүссэн өөрт нь чухал санагдаж буй заалтууд багтаагүй. Энэ нь Ерөнхийлөгчийг улс төрийн тоглолтоо тэдний тооцоолсноос өөрөөр дэглэхэд хүргэв.

Ерөнхийлөгч Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолд хориг тавьсан нь МАН-ын зарим гишүүний “мөрөөдөж” асан УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах санааг замхруулав.

Одоо дахиж энэ талаар ам ангайхгүй гэдгээ өчигдөр бүлгийн хурал дээрээ ярилцжээ. Энэ талаар тус бүлгийн даргаД.Тогтохсүрэн “Ерөнхийлөгч, ЕТГ-ынхантай уулзаж зөвшилцөх шаардлага үүслээ. Өнөөдөр улс төрийн нөхцөл байдал амаргүй байна. Тиймээс зөвшилцөх нь зөв гэж бид үзсэн. Хоригийн хуулийн хугацаа ирэх баасан гаригт дуусна. Үүнээс өмнө зөвшилцөх ажлын хэсэг хуралдаж шийдэлд хүрээд бүлэгтээ танилцуулахаар тогтлоо” гэсэн юм.

МАН парламентад үнэмлэхүй олонхыг бүрдүүлж байна. Гэсэн ч хууль, шүүх засаглалын эрх мэдэл Ерөнхийлөгчид төвлөрч байгаа учраас олонхоороо хүч түрэн Үндсэн хуулийн өөрчлөлтийг явуулах зүрх зориг алга. Хүн нь байхад хэрэг нь олдоно гэдэг шиг эрх мэдлээ ашиглан төсөл, тендер авсан энэ энэ гишүүдийг чинь бүрэн эрхийг түдгэлзүүлнэ шүү гэх “улс төр” үүссэн байхыг ч үгүйсгэхгүй.

Ээлжит сонгууль дөхсөн үед улс төрийн ямар ч нам одоо байгаа рейтингээ өсгөе гэхээс алдъя гэж бодохгүй. Дээрээс нь энэ удаагийн парламентын гишүүдийн 41 нь анх удаа сонгогдсон.

Ирэх сонгуулиар намуудын рейтинг унасан учраас шинэ хүн, шинэ улс төрийн хүчнийг ард түмэн сонгохыг ч үгүйсгэх аргагүй. Тийм учраас парламентад суудалтай намууд ээлжит сонгуулийн өмнө рейтингээ алдахаас сэргийлж, боломжит бүх аргыг ашиглаж байна. Энэ нь өнөөдрийн улс төрд үүссэн “салхи”-ийг зөв зүгт эргүүлэх толгойн өвчин болж хувирлаа.

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал гурав-дугаар хэлэлцүүлэг яаж өрнөх вэ гэдэг асуудал ч үүснэ. Гэхдээ энд нэг зүйл бий. Хоригийг хүлээж аваад гуравдугаар хэлэлцүүлгийг хийвэл МАН дангаараа Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж чадахгүй. Хоёрдугаар хэлэлцүүлгийн үед АН оролцохгүй гэдгээ мэдэгдэж, харин Ерөнхийлөгч төслөө татна хэмээсэн.

Улс төрийн нөхцөл байдал ийм байгаа үед бусад намын төлөөллийг оруулахгүйгээр МАН дангаараа Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх нь улстөржилт, талцал намчирхал их байгаа энэ нийгэмд яаж буухыг эрх баригчид мэдээж тоо-цоолсон л байлгүй.

Тэгэхлээр Ерөнхийлөг-чийн хоригийг хүлээж аваад гуравдугаар хэлэлцүүлгийг хийх эсвэл хоёрдугаар хэлэлцүүлгийг задлах асуудал үүсэж мэдэх нь. Нөгөө хувилбар нь, хоригийг хүлээж авахгүйгээр Ард нийтийн санал асуулгыг явуулах асуудал. Гэхдээ энэ улс төрөө эргээд МАН даах уу гэдэг нь бас л сонин.

Улс төрөө, цаг үеэ тодорхой түвшинд эрх баригчид мэдэрч байгаа нь сайн хэрэг. Ямар ч боловч УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар нарын таван хүний бүрэлдэхүүнтэй зөвшилцөх ажлын хэсэг байгуулжээ.

Тэд Ерөнхийлөгчтэй, АН-тай зөвшилцөж улс төрийн хүрээнд цаашлаад нийгэмд /сошиалд/ үүссэн уур амьсгалыг зөөлрүүлэх арга саам эрэлхийлэх нь.

Одоогоор дорвитой үр дүн харагдахгүй байгаа. АН парламентад бүлэггүй, найман суудалтай зөвлөлийн статустай үйл ажиллагаагаа явуулж буй ч нийгэмд түгээж буй мессеж, улс төр нь сонгууль дөхсөн энэ үед МАН-д садаа болж байгааг дурдах ёстой. Тэд ээлжит бус сонгууль явуулах нөхцөл бүрдсэн үү, Ард нийтийн санал асуулга явуулах эсэх, Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой асуудалд зөвшилцөх ёстой гэж байгаа.

Зөвшилцөх ажлын хэсгээс их зүйл харагдахаар байгаа ч эрх ашгийн эрэмбэ, хуваарилалтын асуудал хөндөгдөж байгаа учраас бүх түвшний эрх ашгийг хангасан шийдвэр гарахад тун хэцүү. Утасны үзүүр хааш ч эргэж мэдэхээр байгаа учир энэ удаагийн парламент Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийж чадахгүйд хүрч мэдэхээр байна.

Ийн маргалдсаар Ард нийтийн санал асуулгыг явуулдаг юм аа гэхэд дүн өвөлтэй цаг хугацааны хувьд таарч, ирц хүрэхгүй байх магадлал тун өндөр. Тэгэхээр эрх баригчдын өмнө нь ярьж байсан хувилбарын нэг ирэх зургаадугаар сард явуулах сонгуультай хамтатган Ард нийтийн санал асуулгыг явуулж, дараагийн парламентад “эцэг” хуулийн өөрчлөлтийг үлдээх хувилбар ч хэрэгжиж мэднэ.

Ямартай ч энэ хавар, зунжингаа хэлэлцсэн Үндсэн хуулийн өөрчлөлт Ерөнхийлөгчийн улс төртэй “харц мөргөлдлөө”. Ээлжит бус чуулган ч үр дүнгээ өгсөнгүй, өгөөжгүй байлаа.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608681
0 эможи

Зочин
2019-10-01 12:25
keyboard_arrow_up