ТББХ: Ард нийтийн санал асуулга явуулах өдрийг 10 дугаар сарын 30,31-н гэж өөрчиллөө

2019 оны 9 сарын 09

Arslan.mn

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2019.09.09) хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

 Хуралдааны эхэнд “Ард нийтийн санал асуулга явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн. УИХ-ын чуулганы 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанд оролцсон 58 гишүүний 55 нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгад оруулах нь зүйтэй шийдвэрлэсэн. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17.1-д Улсын Их Хурал төслийг энэ хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар хэлэлцээд тухайн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар оруулах нь зүйтэй гэж Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар тогтвол Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 16 дахь заалт, Жаран наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоол гаргана гэж заасан байдаг.  

Мөн хуулийн 17.4-т Ард нийтийн санал асуулга явуулах тухай Улсын Их Хурлын тогтоолд ард нийтийн санал асуулга явуулах болсон шалтгаан, зорилго, санал асуулга эхлэх, дуусах он, сар, өдөр, уг ажлыг зохион байгуулах журмыг тодорхойлно гэж заасныг тодотгоод, тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулсан.

 Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн, Н.Энхболд, Г.Занданшатар, О.Содбилэг, Н.Цэрэнбат, Ж.Мөнхбат нар асуулт асууж, хариулт авлаа. Гишүүдийн зүгээс ард нийтийн санал асуулга явуулахад шаардагдах хөрөнгө, сонгогчдын нэрсийн жагсаалт, бэлтгэл ажилтай холбоотой худалдан авах ажиллагааны талаар тодруулахын зэрэгцээ санал асуулгыг 10 дугаар сарын 23-нд явуулах нь хэр оновчтой хугацаа эсэхийг илүүтэй лавлаж байлаа. Мөн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард иргэдэд хэрхэн, яаж танилцуулах талаар тодруулав.

    Хуралдаанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд дарга Д.Дэлгэрсайхан зэрэг холбогдох албан тушаалтнууд оролцсон.

    Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Тогтоолд ард нийтийн санал асуулга явуулах зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар тусгажээ. Засгийн газрын нөөцөд энэ хэмжээний мөнгө байхгүй. Нөгөөтэйгүүр, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд тухайн жилийн төсөвт урьдчилан төлөвлөж тусгах боломжгүй арга хэмжээг санхүүжүүлэхэд гамшиг, аюулт үзэгдэл зэрэг заасан сангийн хөрөнгийг зарцуулна гэж тусгасан байгаа. Иймд хууль зөрчих тул тогтоолыг өөрчлөх хэрэгтэй.  Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн  8.1-д Санал асуулга явуулахтай холбогдсон зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ гэсэн байгааг тодотгов. Мөн тэрбээр, Ард нийтийн санал асуулга явуулах зардлыг шийдвэрлэхийн тулд УИХ төсвийн тодотгол хийх бүрэн эрхийн асуудал. Гэхдээ ОУВС-тай хийсэн гэрээний дагуу зардал нэмэхтэй холбоотой асуудлыг хориглосон байгаа ч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудал учир ойлголцох байх гэдгийг онцолж байлаа.  Түүнчлэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсвийг хэвлэн нийтлэх, эхийг иргэдэд таниулах, тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотой бусад арга хэмжээ зэрэг зардал гарах учраас урьдчилан тооцоолох боломжгүй зардал нэмэгдэнэ гэдгийг гишүүдэд анхааруулж байлаа.

    Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, Ард нийтийн санал асуулгын тухай хуульд “Санал асуулга явуулах тухай шийдвэрт санал асуулга явуулах өдрийг уг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 21-45 хоногийн дотор явуулахаар Улсын Их Хурал товлон зарлана” гэж заасан байгаа.  Энэ дагуу санал асуулга явуулах хугацааг 10 дугаар сарын 23-нд гэсэн байгаа. Гэхдээ шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш гэхээр 30 хоногийн дотор Сонгуулийн ерөнхий хороо ард нийтийн санал асуулгыг явуулах бэлтгэл ажлыг хангаж явуулах боломжтой гэв. Түүнчлэн тэрбээр, өнгөрсөн 7 удаагийн сонгуульд ашигласан 2400 компьютерийг актлаад, нөхөн бүрдүүдэх ажилд 4 тэрбум төгрөг зарцуулж, тендер зарлаж, гэрээ хийгээд 10 дугаар сарын эхээр авахаар болоод байна. Энэ ажлыг хуулийн дагуу гүйцэтгэхэд дор хаяж хагас жилийн хугацааг зарцуулсан. Үүнээс гадна сонгуулийн саналын хуудастай холбоотой асуудлыг Худалдан авах тухай хуулиар шийдэхэд дээрх хугацааг зарцуулна. Өмнө нь СЕХ ерөнхийлөгч, УИХ-ын сонгуулийг зохион байгуулахад шууд худалдан авах зарчмаар шийддэг байсан  гэдгийг тодотгож байлаа.

    Өнгөрсөн сонгуулиудаар 1983 хэсгийн хороо байгуулж байсан туршлага бий. Энэ удаагийн санал асуулгын үеэр хэсгийн хороодыг нэмэгдүүлнэ. Оюутнууд, түр оршин суугчдын саналыг хотод авах, хэсэг хуваах, оноолт дээр Сонгуулийн ерөнхий хороо, аймаг, сумдын Иргэдийн хурал, Засаг дарга Тамгын газруудтай уялдаа холбоотой ажиллах шаардлагатай гэдгийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд дарга Д.Дэлгэрсайхан хариултдаа онцолсон.

    Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Ард нийтийн санал асуулгын тухай тогтоолын төсөл хэлэлцэж байгаа дээр Ерөнхийлөгч нэг асуулт нэмж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болсныг танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа,  Ерөнхийлөгч “Монгол Улс цаашид Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу” гэсэн асуултыг Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төсөлд  нэмж тусгах саналтай байна. Мөн Ерөнхийлөгч өөрийн саналуудаа буцаан татаж байгаагаа үүгээр мэдэгдэж байгааг дурдлаа.

    Энэ асуудалд УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн даргыг түр  орлон гүйцэтгэгч  Э.Түвшинжаргал хариулт өглөө. Тэрбээр, УИХ-аар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байгаа. Энэ нь өөрөө цогц ажил бөгөөд үүний нэг нь хоёр дахь хэлэлцүүлгийн дараа Ард нийтээр санал асуулга явуулах юм. Дэгийн тухай хуулийн 4.3-т зааснаар Ард нийтийн санал асуулгыг нэг удаа 3-аас илүүгүй асуулт асуух бөгөөд асуулгын тоо, асуулгыг УИХ шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Гэхдээ Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн журмын тухай хуулийн 17.6-д “Төслийг зөвшөөрөх, эсхүл татгалзах тухай ард нийтийн санал асуулгыг Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд заасны дагуу зохион байгуулж явуулна” гэж заасан байдаг. Мөн уг хуулийн 17.8-д “Ард нийтийн санал асуулгад сонгогчдын нэрийн жагсаалтад хууль ёсоор бичигдсэн нийт иргэдийн олонх нь оролцож, тэдгээрийн олонх нь уг хуулийг “зөвшөөрнө” гэсэн санал өгсөн бол Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль батлагдсанд тооцно” гэж илүү нарийвчлан зааж өгсөн байдаг. Ард нийтийн санал асуулгын тухай ерөнхий хууль бөгөөд тусгайлсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг баримталж нэг асуултаар Ард нийтийн санал асуулга явуулах ёстой гэж байлаа. Мөн Ерөнхийлөгчийн гаргасан саналаар бол шинэ Үндсэн хуулийн асуудал яригдах  тул шууд санал асуулгын тогтоолд оруулах боломжгүй гэдгийг хариултдаа онцолсон.

    Мөн Байнгын хорооны дарга С.Бямбацогт,  Баталсан эхийг дэмжинэ, дэмжихгүй гэдэг асуултаар л санал асуулга явуулна, өөр асуулт байж болохгүй гэсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд тодорхой заасан байгаа. Ерөнхийлөгчийн болон Ардчилсан намын зөвлөлийн саналууд хэлэлцүүлгийн явцад дэмжигдэж, оруулж төсөлд тусгагдсан гэсэн нэмэлт тайлбарыг хийлээ. Тэрбээр цааш нь, уг тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг  иргэдэд тайлбарлаж, танилцуулах талаар Улсын Их Хурал, Засгийн газар, аймаг нийслэлийн Иргэдийн хурал, Засаг даргын Тамгын газар, МҮОНРТ-д үүрэг  өгсөн гэж байлаа.

  Ингээд тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн, Н.Энхболд нарын зүгээс “Ард нийтийн санал асуулга явуулах өдрийг 10 дугаар сарын 30,31, гадаадад байгаа иргэдийн санал авах өдрийг 19,20” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь дэмжлээ. Түүнчлэн “Ард нийтийн санал асуулга явуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулсан нь зүйтэй гэсэн саналыг томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.  Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулахаар тогтов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607842
0 эможи

Зочин
2019-09-09 21:47
Зочин
2019-09-09 15:53
сонирхолтой
keyboard_arrow_up