З.Энхболд: УИХ-ын шинэ даргыг МАН-ын бүлэг шийднэ

2019 оны 1 сарын 31

Чуулганы хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны тайланг сонсч байна. Ерөнхийлөгчийн нэг жилийн ажлын тайланг Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа.

Arslan.mn

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын нэг жилийн хийж, хэрэгжүүлсэн ажлыг танилцуулж байна. Тус танилцуулгад, Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрийн хүрээнд хийж, хэрэгжүүлсэн ажил, хуулиар олгогдсон хуульд заасан үйл ажиллагааг зохион байгуулж ажиллалаа. Чуулганы хуралдаанд найман удаа оролцож, зургаан албан тушаалтныг томилох асуудлаар УИХ-тай зөвшилцсөн, шүүх эрх мэдлийн харилцаж ажиллах бүрэн эрхийн хүрээнд 1 шүүгч, 11 шүүгчийг чөлөөлж, 8 шүүгчийг шилжүүлж, томилсон.  38 удаагийн илгээлт олон нийтийн арга хэмжээнд илгээсэн. ҮАБЗ-ийн тэргүүний хувьд зургаан удаа хуралдаж, 13 тэмдэглэл гаргаж, тусгай чиг үүрэгтэй холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Хуулиар олгогдсон эрхийн хүрээнд ОХУ, БНХАУ-д айлчилсан, хоёр Элчин сайдыг эгүүлэн татаж, 4 Элчин сайдыг томилсон.

Ийнхүү танилцуулга дууссаны дараа гишүүдээс асуулт, тодруулга авлаа. Тухайлбал,

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Улсын ерөнхий прокуророос хэд хэдэн удаа гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт тавьсан. УИХ хүлээж аваагүй. Гэтэл Ерөнхийлөгч хориг тавиагүйг ард түмэн маш их асууж байна. Яагаад хориг тавьсангүй вэ. Хориг тавихгүй байна гэдэг нь УИХ-ын хүлээж аваагүй саналыг дэмжиж байсан гэсэн үг үү. Ерөнхийлөгч тэтгэвэр, оюутан, цалингийн зээлийг хэзээ тэглэх вэ. Одоо чадах эсэхдээ хариулт өгөөч. Ипотекийн зээлийн хүүг буулгах боломжтой юу.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:

-Ерөнхийлөгчийн тайланд дурдсан асуудлаар би хариулт өгөх боломжтой. Ерөнхийлөгч УИХ-аас гаргасан шийдвэрт дөрвөн удаа хориг тавьсан ч УИХ хүлээж аваагүй. ЖДҮХС-ийн зээлийн асуудлын талаар олон нийттэй санал нэг байгаа. Цаашид Ерөнхий прокурор УИХ-тай харьцаад явах байх. Ерөнхийлөгч зээлийг тэглэнэ гээгүй, Ардчилсан намын зүгээс өгсөн санал байсан. Ерөнхийлөгч байгалийн баялгаас ногдол ашгийг ард түмэнд тэгш хуваарилах байр суурин дээрээ хэвээр байгаа. Шагналын журамд УИХ-ын гишүүн шагнал олгох өргөдөл хүлээж авна гэсэн заалт байхгүй. Тиймээс гишүүд өргөдлөө авахаа зогсоож, журмынх нь дагуу шийдвэрлэх нь зөв.

ҮАБЗ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга А.Гансүх:

-Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн тэргүүний хувьд жил бүр УИХ-д ҮАБ-ын асуудлаар хаалттай мэдээлэл хийдэг. Энэ хаалттай мэдээллээ хийх байсан ч чуулган хуралдаагүй учраас мэдээлэл хийж чадаагүй. Одоо ч хаалттай мэдээлэл хийхэд бэлэн байгаа.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

-Намрын чуулганы нээлт дээр Ерөнхийлөгч Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг ярьсан. Сүүлийн үед яригдахаа больсон байна. Анхны байр суурь дээрээ хэвээрээ юу. Мөн УИХ-ыг тараах саналыг би гаргасан. Ерөнхийлөгчийн институтын зүгээс УИХ-ыг тараах байр суурийг илэрхийлж байсан. Одоо энэ санал дээрээ хэвээрээ юу. ЖДҮХС-ийн асуудал ард түмнийг маш их бухимдуулж байна. Ерөнхийлөгч энэ талаар ямар байр суурьтай байгаа юм бэ. Дараагийн УИХ-ын дарга буюу ҮАБЗ-ийн нэг гишүүний асуудлаар хуралдаж, зөвлөмж гаргах уу. Ер нь ямар зарчим баримтлах ёстой юм бэ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар Ерөнхийлөгч тухайн үед хэлж байсан байр суурин дээрээ хэвээрээ байгаа. 1992 онд гарсан шинэ Үндсэн хуульд их, бага өөрчлөлт хийх асуудлыг ярих хэрэгтэй байна гэж хэлж байсан. УИХ-ыг тараах асуудлаар зөвшилцсөн ч УИХ-ын дарга асан М.Энхболд зөвшөөрөөгүй. Тиймээс хүлээзнэж байгаа. УИХ-ын дарга хэн байх нь энэ 75 гишүүний нэг нь болно. Үүнд Засгийн газар, Ерөнхийлөгч оролцох боломжгүй.

ҮАБЗ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга А.Гансүх:

-ҮАБЗ-ийн нэг гишүүнийг чөлөөлөх асуудлаар ҮАБЗ хуралдаагүй. Тухайн үед үүссэн жагсаал цуглаан болон үүссэн нөхцөл байдлаар хуралдсан. Тиймээс хууль гаргахыг ҮАБЗ-ийн гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн. Томилгоотой холбоотой ямар нэг хурал зохион байгуулах эрх зүйн орчин байхгүй.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599867
0 эможи

keyboard_arrow_up