ХХОАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

2018 оны 2 сарын 01

Arslan.mn

Улсын Их Хурлын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.02.01) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 13 минутад гишүүдийн 51,3 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Хуралдааны эхэнд Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа УИХ-ын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн орлогод 10-25 хувиар, 4 шатлалтайгаар албан татвар ногдуулахаар болсон. Хуулийн төсөлд цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдуулах татварын хэмжээг нэг шатлалтай, 10 хувь болгохоор хуулийн төсөлд тусгасан. Хуулийн төсөл батлагдсанаар иргэд аж ахуйн нэгжийн татварын дарамт буурч, татвараа шударгаар төлөх идэвх санаачилга дээшлэх бөгөөд бизнесийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр шинээр бий болоход эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг дурдав.

Төсвийн байнгын хороо 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа танилцууллаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Д.Лүндээжанцан, О.Баасанхүү, Д.Оюунхорол, М.Билэгт, Б.Энх-Амгалан, М.Оюунчимэг, Ж.Ганбаатар, Б.Жавхлан, Д.Хаянхярваа, Д.Тогтохсүрэн, С.Жавхлан нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв.

Гишүүдийн олонх Монгол Улсын эдийн засаг хямарч, дефолт зарлахдаа тулсан үед ОУВС-ийн хөтөлбөрт багтахын тулд долоон төрлийн татварыг нэмэхээс өөр арга байгаагүй. Өнөөдөр эдийн засагт эерэг өөрчлөлт гарах үед цаг, хугацаа алдалгүй Засгийн газраас Хүн амын орлогын албан татварыг нэг шатлалтай болгох хуулийн төсөл оруулж ирснийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Үүний зэрэгцээ эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, татварын бааз суурийг өргөжүүлэх, эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч ажиллаж байгаа эсэхийг илүүтэй тодруулж байна.


Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын зээлжих зэрэглэл таван шатаар буурсан байсан. Харин Засгийн газар зээлжих зэрэглэлийг нэг шатаар ахиулаад байна. Сүүлийн жилүүдэд төсөв алдагдалтай гардаг байсан бол өнгөрсөн жил анх удаа төсвийн орлого нэмэгдсэн. Мөн өнөөгийн үнэ цэнээр дотоодын нийт бүтээгдэхүүний 76 хувь байсан өрийн хэмжээг 74 хувь болгон буулгалаа. Засгийн газар өнгөрсөн хугацаанд арилжааны банкуудаас нэг ч төгрөгийн өндөр хүүтэй зээл аваагүй бөгөөд цаашид ч авахгүй байхаар ажиллаж байна. Арилжааны банкуудаас авсан гурван их наяд төгрөгийн өрийг төлнө хариулж байлаа. Түүнчлэн Сангийн яам, Татварын ерөнхий газартай хамтраад Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг боловсруулан ажиллаж байна хэмээн нэмж тайлбарлав.

Ингээд Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд уг хуулийн төслийн үзэл баримтлал болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53277
0 эможи
keyboard_arrow_up