ЧУУЛГАН: Хүйс өөрчлөгдсөнийг бүртгэдэг болно

2018 оны 1 сарын 25

Arslan.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэв. Энэхүү хуулийн төсөлтэй холбогдуулж олон гишүүн санал хэлсэн тулд санал хураалт явуулахгүйгээр чуулганыг түр завсарлууллаа. Үдээс хойших хуралдаанаар хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.  Гишүүдийн асуулт, хариултаас тоймлон хүргэе.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: 

-Иргэний бүртгэлийн асуудал дээр 16 төрөл зүйлээр бүртгэх юм байна. Энэ дунд хүйс өөрчлөгдсөний бүртгэл, гэрлэлт дуусгавар болсны бүртгэл гэх мэт зүйлс байна. Гэрлэлт дуусгавар болно гэдгийг хэрхэн ойлгох вэ. Овог, нэр солих байдал сонгууль дөхөөд ирэхээр гардаг. Энэ мэт асуудлаа нэг сайн янзлаад авбал улс орны хөгжлийн суурь тавигддаг юм.

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ДЭД САЙД Б.ЭНХБАЯР:

-Иргэний овог, нэрийг нэг л удаа солихоор хуулийн төсөлд тусгасан. Гэхдээ энэ заалт нь гэрч хохирогчийн хамгаалалтад байгаа иргэнд хамаарахгүй. Тэр иргэн овог, нэрээ хэдэн ч удаа сольж болно. Сэжигтэн, яллагдагч, ял эдэлж байгаа этгээдийн овог, нэр солихыг хязгаарлаж өгч байгаа. Гэрлэлт дуусгавар болно гэдэгт нас барсан, гэрлэлтээ цуцлуулсан үйл ажиллагааг бүхэлд нь хамруулсан. 

УИХ-ЫН ГИШҮҮН Л.МӨНХБААТАР:

-2008-2012 онд бүртгэлийн үйл ажиллагаа төгөлдөршүүлэх олон ажил хийгдсэн. Энэ хүрээнд Монгол Улс иргэнээ анх удаа шинэчлэн бүртгэж, 15 сая баримтыг сканердаж, 680 мянган зөрчлийг арилгасан. Ингээд иргэнийг давхцуулахгүйн тулд гарын хурууны хээгээр баталгаажуулсан. Одоо бүх мэдээлэл цахим болсон тул иргэндээ түргэн шуурхай үйлчлэх хэрэглээ тал руу нь чиглүүлж, хуульчилж өгөх ёстой. Нэгэнт хурууны хээ авсан тохиолдолд иргэн хүн яваад очиход иргэний үнэмлэх шаардлагагүй, хурууны хээгээр үйлчилж болно. Бид энэ дунд “Нэг цэгийн үйлчилгээ”, ТҮЦ маших гэх мэт завсрын шийдэл гаргаж байсан. Одоо тэд бүгд хоцрогдсон. Иргэн хүн төрийн байгууллагад хандахад бичиг баримтын чирэгдэлгүй үйлчилдэг байхад чиглэж байгаа юм. Цахим болж байгаатай холбогдуулан цахим гарын үсэг хэрэглэх ёстой. Цахим гарын үсгийн ажил ямар түвшинд байна вэ? 

ОЮУНЫ ӨМЧ, УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Р.СОДХҮҮ:

-Улсын бүртгэлийн газар Монгол Улсын хамгийн том цахим бааз болж хөгжиж чадсан. Одоо үүнийгээ Монгол Улсын ой санамжид ашиглах ёстой. Цахим гарын үсгийн программыг хийж дууссан. Манай бүртгэлийн байгууллага иргэний үнэмлэхийн үйлдвэртэй. Манайх энэ үйлдвэртээ үнэмлэх хэвлэж байгаа. Тоон гарын үсэг хэвлэх программаа хийж дууссан. Үндсэндээ одоо иргэний үнэмлэх дээр тоон гарын үсэг байршуулах бүх программ хангамжийн ажил дууссан гэж ойлгож болно. Одоо ганцхан төрийн байгууллагаас тоон гарын үсгээ өгчихвөл бид суулгахад бэлэн болчихсон байгаа. 

Үүгээр УИХ-ын үдээс өмнөх хуралдаан түр завсарлав. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52899
0 эможи
keyboard_arrow_up