Сонголт нь тодорхой “ЖАНЖНЫ НУТГИЙНХАН“

2020 оны 5 сарын 28

УИХ-ын сонгуулийн 12-р тойрог буюу Сүхбаатар аймаг энэ жил хоёр мандаттай болсон. Наран ургах нутгийнхныг парламентад төлөөлөх энэхүү хоёр суудлын төлөө өрсөлдөж буй нэр дэвшигчдийг танилцуулъя.

Тус тойрогт МАН-аас УИХ-ын гишүүн асан Т.Ганди, Сүхбаатар аймгийн Засаг дарга асан З.Энхтөр нарыг нэр дэвшүүлсэн бол АН-аас Сүхбаатар аймгийн Засаг дарга асан Ж.Батсуурь, АН-ын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Н.Ганибал нарыг, “Та бидний эвсэл”-ээс сэтгүүлч, яруу найрагч Ч.Үл-Олдох, сэтгүүлч, яруу найрагч Н.Лутбаяр, “Шинэ эвсэл”-ээс яруу найрагч Ай.Төмөр-Очир, Н.Лхагвасүрэн нарыг сойжээ.

Эндээс харахад Сүхбаатар аймгийнхан гурван яруу найрагч, хоёр Засаг дарга, нэг төрийн сайд, түшээгээс сонголтоо хийх нь. Гэхдээ бусад аймаг, дүүрэг шиг ширүүн өрсөлдөөн өрнөхөөргүй харагдаж байгаа юм. Шуудхан хэлэхэд Сүхбаатар аймагт МАН-ын нэр дэвшигчид ялалт байгуулах магадлал хамгийн өндөр. Ийн хэлэх үндэслэл гэвэл юуны өмнө Сүхбаатар аймгийнхны сонголтдоо тууштай чанар. 1992 оноос хойшх долоон удаагийн парламентын сонгуульд бараг бүгдэд нь Сүхбаатар аймагт МАН ялалт байгуулж байжээ.  Харин  1996 онд МУНН-аас яруу найрагч О.Дашбалбар, 2012 онд АН-аас М.Зоригт сонгогдож байж. О.Дашбалбар агсан улс орон даяар танигдсан, соёл урлаг, төр нийгмийн нэрт зүтгэлтэн байсан тул төрөлх нутгийнхныхаа итгэлийг хүлээн сонгогдсон. Харин М.Зоригтын хувьд ИЗНН-аас Дорнод аймагт нэр дэвшин нэг удаа сонгогдож байсан бөгөөд нам, тойргоо хоёуланг нь солин Сүхбаатарт нэр дэвшин УИХ-ын гишүүн болж дөрвөн жил суугаад улс төрийн карьертаа цэг тавьсан. М.Зоригт гишүүн сүхбаатарчуудын АН-д итгэх итгэлд мөн цэг тавьсан гэж болох юм. Тиймээс 2016 онд тухайн үед шилдэг Засаг дарга хэмээн магтагдаж байсан аймгийн Засаг дарга Ж.Батсуурийг биш Ч.Улааныг сонгосон юм.

Карьерынхаа ид үед аймгийнхаа сонгогчдын итгэлийг хүлээж чадаагүй Ж.Батсуурь энэ жил даагаа нэхэж байгаа ч дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулахад нэр нь улам сэвтэж, рейтинг нь шалдаа буугаад байгаа ажээ. Тэрбээр аймгийн Засаг даргаар ажиллах хугацаандаа асар их баяжиж хөрөнгөжсөн гэх бөгөөд “Сүхбаатар аймгийн Засаг дарга асан Ж.Батсуурьт холбогдох хэрэг” гэсэн хавтаст хэргийг 2018 оны нэгдүгээр сард АТГ-аас прокурорт шилжүүлж байв. Түүнтэй хамт АН-аас нэр дэвшиж буй Н.Ганибал тойргоо нэлээд эртнээс усалсан гэх боловч энэ удаа хүчтэй өрсөлдөгч болж чадахгүй л болов уу. АН-ын хагарал, С.Эрдэнийн таагүй нэр хүнд зэрэг нь нэр дэвшигчдээ урагш түлхэхээс илүү хойш чангааж таарна.

МАН-аас нэр дэвшигч Т.Гандийг танилцуулах шаардлагагүй. УИХ-ын гишүүн, сайд, Элчин сайдаар ажиллаж байсан, эдүгээ МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр ажиллаж байгаа. Улс төрд ноён нуруутай, туршлагатай нэгэн. Тиймээс “Төмөр хатагтай”-д Сүхбаатар аймгийнхан ам сайтай байгаа ажээ. Түүнтэй хамт МАН-аас нэр дэвшиж буй З.Энхтөр аймгийнхаа Засаг даргаар ажиллаж байсан туршлагатай нэгэн. Түүнийг Засаг даргаар ажиллахдаа аймагтаа ХАА-н түүхий эд боловсруулах үйлдвэрүүд байгуулж, нийгмийн салбарын хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлэн, малчдыг дэмжих чиглэлээр бодитой ажлууд хийж, зоримог, шинэлэг шийдлүүд гаргасан гэж үнэлдэг. Тухайлбал, Сүхбаатар аймагт үйлдвэрлэл технологийн парк байгуулан жил гаруйн дотор сав, баглаа, боодол, сүү цагаан идээ, махны үйлдвэрүүд байгуулж байжээ. Үйлдвэрлэгч, бүтээлч хандлага бий болсноор 2018 оны Алтан овооны наадмаар сүхбаатарчууд гадна дотнын зочдод өгөх бэлгээ 100 хувь аймагтаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр бүрдүүлж байсан гэдэг. З.Энхтөр ХААН банкны дэд захирлаар ажиллаж, хувьчлалыг нь амжилттай зохион байгуулж байсан бөгөөд банкны санхүүгээр мэргэшсэн толгой санхүүчдийн нэг. Сүхбаатар аймгийн хувийн хэвшил, бизнесийн салбарынхан төдийгүй төрийн албан хаагчид, малчид, эрүүл мэнд, боловсролын салбарынхан дунд З.Энхтөр нэр хүндтэй, дэмжлэг ихтэй аж.

Нэр дэвшүүлэлтээс нь харахад Сүхбаатар аймагт МАН-ынхан тулхтай, нэр хүндтэй парламентчаа шинэ залуу, эрч хүчтэй, төр захиргааны ажлын туршлагатай, банк санхүү, бизнесийн салбартаа манлайлагч болсон залуу улстөрчтэй хамт илгээсэн бол АН-ынхан өмнө нь өвдөг шороодсон бөхөө олонд танигдаагүй намын ажилтантайгаа хамт голио шиг азыг нь үзэхээр явуулжээ.       

Эх сурвалж: focusnews.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617413
5 эможи
keyboard_arrow_up