ХХААХҮЯ: Бүртгэл, хяналтын цахим систем нэвтрүүлэх сургалт явагдаж байна

2021 оны 4 сарын 18

Arslan.mn

Хөдөө аж ахуйн цахим шилжилтийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны захиалгаар НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын санхүүжилтээр Ургамлын гарал үүсэл, Пестицидийн бүртгэл, хяналтын цахим системийг боловсруулан нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж байна. 

Энэхүү систем нь тариалангийн үйлдвэрлэлийг хөтлөн явуулах, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад чухал хэрэгцээтэй цогц мэдээллийг бүрдүүлсэн бөгөөд “Таримал ургамлын гарал үүслийн хэсэг”, “Пестицидийн бүртгэл, хяналтын хэсэг” гэсэн хоёр үндсэн бүрэлдэхүүнтэй. Тус систем нь www.plant.mofa.gov.mn домэйн нэртэйгээр дата төвийн сервер дээр байрлаж байгаа бөгөөд одоогоор системийг улсын хэмжээнд нэвтрүүлэх сургагч багшийг бэлтгэж байна.

www.plant.mofa.gov.mn системийг ашиглан улсын хэмжээний тариалалт, ургац хураалтын мэдээ, ургамал болон түүний гаралтай бүтээгдэхүүний тариалалт, арчилгаа, хураалт, тээвэрлэлт зэрэг сүлжээний хөдөлгөөн, эрүүл ахуйг хянах, ургамал хамгааллын бодисын импорт, худалдаа, хэрэглээг хянах боломжийг олгох юм.

“Таримал ургамлын гарал үүслийн хэсэг” систем

Энэ систем нь тариаланч, тариалангийн талбай, тариалалт, ургац хураалтын мэдээ, авч хэрэгжүүлсэн агротехнологийн арга хэмжээ, талбайн түүх, ургамлын гарал үүслийн гэрчилгээ олголт, эрүүл, аюулгүй байдлын баталгаа, түүнд тавих мэргэжлийн хяналт гэсэн мэдээллийн иж бүрдлийг агуулсан. Тус системд тариаланч, ногоочид өөрийн эзэмшлийн талбайн мэдээлэл, тухайн талбайд хэрэгжүүлсэн технологийн арга хэмжээ, тариалалт болон ургацын мэдээллээ оруулах бөгөөд гарал үүслийн гэрчилгээ авах хүсэлтийг илгээснээр сумын Хөдөө аж ахуйн тасгаас гэрчилгээг цахимаар олгоно. 

Гарал үүслийн гэрчилгээг цахимаар олгодог болсноор тариаланчдын цаг хугацааг хэмнэх, ургамал болон түүний гаралтай бүтээгдэхүүний тариалалт, арчилгаа, хураалт, тээвэрлэлт зэрэг сүлжээний хөдөлгөөн, эрүүл ахуйг хянах, ул мөрийг мөшгөх, статистик тоон мэдээллийг боловсруулахад хялбар болох зэрэг олон чухал ач холбогдолтой юм. Цахим гарал үүслийн гэрчилгээ нь QR кодтой байна. Хэрэглэгч QR кодыг уншуулснаар тухайн бүтээгдэхүүнийг хэн, хаана, хэрхэн үйлдвэрлэсэн мэдээллийг хялбар авах боломжтой.

Бордоо, ургамал хамгааллын бодисын зохистой хэрэглээ нь ургацын чанар, хэмжээнд сайн нөлөөтэй хэдий ч түүнийг тохиромжтой технологийн хугацаанд тунг нь тааруулж хэрэглэснээр байгаль орчинд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэл эрхлэх нөхцөл бүрдэж хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал хангагдана. Иймд химийн гаралтай бордоо, ургамал хамгааллын бодисыг тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүд импортоор оруулж ирэн хяналттайгаар худалдан борлуулдаг.

“Пестицидийн бүртгэл, хяналтын хэсэг” систем

Энэ нь ургамал хамгааллын бодис, бордооны импорт, худалдааны ул мөрийг мөшгөх, пестицидийн хэрэглээ, агуулахын үлдэгдэл, устгал, сав баглаа боодлын урсгалыг хянах цогц систем юм. Өөрөөр хэлбэл, энэхүү системийг ашиглан тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдэд импортоор нийлүүлэх тоо хэмжээний зөвшөөрөл олгох бөгөөд бодисын импортын гүйцэтгэл, зарцуулалт, агуулахын үлдэгдэл, устгал, сав баглаа боодлын бүртгэлийг цахимаар хянах боломжтой болж байна.
 
Системүүдийн ач холбогдол

  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон төв, орон нутгийн байгууллагуудын улирлын чанартай цуглуулдаг мэдээ, мэдээллийг шуурхай авах, тариалангийн үйл ажиллагаа, гүйцэтгэл, химийн бодисын импорт, зарцуулалт, хэрэглээний мэдээлэлд нэгдсэн шинжилгээ хийх, салбарын мэдээллийг нэгдсэн платформд оруулах зорилгоор төв систем болгон хөгжүүлсэн.
  • Сумын Хөдөө аж ахуйн тасаг, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, яам хоорондын мэдээлэл солилцох аргачлалыг сайжруулах, шуурхай болгох, салбарын мэдээллийг бодит цаг хугацааны хэмжүүрээр удирдлагын өөр өөр түвшинд авах, хянах, дүгнэлт хийх боломжийг олгож байна.
  • Эдгээр системүүдэд тариаланч, сум, аймгийн болон яамны мэргэжилтнүүд хууль тогтоомжоор шаардсан мэдээллүүдийг оруулах тул цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэж, нийгмийн хөгжилтэй зэрэгцэн тариалангийн салбарыг цахимжуулах ажлын эхлэл болж байна.
  • Системүүд нь (УБЕГ, МХЕГ, ГЕГ, ГЗБГЗЗГ, ХАБҮЛЛ, УХЭШХ)-ын цахим систем, ХУР, ДАН, E-Mongolia төрийн нэгдсэн системтэй холбогдсоноор төрийн байгууллага хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, цагийн мэдээллийг цахимаар солилцох, бодит цаг хугацаанд нь хянах механизмыг бүрдүүлэх юм.  
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625679
3 эможи

ХХААХҮЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up