ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ: Монгол Улс Ази-Европыг холбох хамгийн дөт зам байх боломжтой

2018 оны 1 сарын 22

Arslan.mn

“Төмөр замын зүүн коридор-Бүс нутаг ба уул уурхайн хөгжил” сэдвийн хүрээнд зохион байгуулж буй ОХУ, БНХАУ, Монгол Улсын зөвлөлдөх уулзалт өнөөдөр эхэллээ.

Зөвлөлдөх уулзалтыг нээж Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Хөгжлийн зам” үндэсний хөтөлбөр” “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр” зэрэг бодлогын баримт бичгүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эдийн засгийн өсөлтийг хангах, зам, тээвэр, ложистикийн сүлжээ, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Хоёр том гүрний дунд орших Монгол Улс нь хоёр хөршөө холбоод зогсохгүй Ази-Европыг холбох хамгийн дөт зам байх боломжтой. ОХУ, БНХАУ-ын өсөн нэмэгдэж буй худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг холбох зорилгоор “Хөгжлийн зам” санаачилгыг дэвшүүлж улмаар ОХУ-ын “Евразийн эдийн засгийн холбоо”, БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгуудтай уялдуулан 2016 оны 06 дугаар сард гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр “Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг баталсан.

Тус хөтөлбөрийн төслүүдийн жагсаалтад тусгагдсан төмөр замын Зүүн коридор байгуулагдсанаар Монгол Улсын төдийгүй Зүүн хойд Азийн бүс нутгийн хөгжилд онцгой ач холбогдолтой бөгөөд Манжуур-Забайкальскийн коридортой харьцуулахад 500-аас 750 км дөт замаар ОХУ-ыг зүүн хойд Хятадын далайн боомтуудтай холбож, Алс дорнодын бүс нутгийн байгалийн баялгийг хямд өртгөөр эдийн засгийн эргэлтэд оруулах, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын дэвшүүлсэн 2020 он гэхэд Орос, Хятадын хоорондын худалдааны хэмжээг 200 тэрбум долларт хүргэх  зорилтыг хэрэгжүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна.

Энэхүү гурван талт зөвөлгөөн нь Монгол Улсын зүүн бүс нутгийн уул уурхайн баялгийн өнөөгийн байдал, хэтийн төлөв, дамжин өнгөрөх тээврийн хэмжээтэй уялдуулан Зүүн коридороор тээвэрлэгдэх ачаа тээврийн хэмжээг бодитой тооцож, эдийн засгийн үнэлгээг нь сайжруулах, энэ чиглэлээр гурван улсын холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна” гэдгийг онцоллоо.

ЗТХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Мэргэн: Эрээнцав-Чойбалсан-Хөөт-Бичигт цэгийг дайрсан төмөр зам тавина

 “Зүүн коридорын хүрээнд эдийн засгийн ямар тооцоо судалгаа хийж болох вэ, тус коридорын дагуу Монголд уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй дотоодын ААН-үүд ямар санал бодолтой байна вэ. Үүнд хир хэмжээний ачаа тээврийн боломж гарч болохоор байна вэ гэдгийг хамтдаа хэлэлцэн зөвлөлдөж байна.

Зүүн коридорыг Монгол Улсын талаас эдийн засгийн ач холбогдлоороо Төвийн коридорын дараа орно гэж үзэж байгаа.

Тус коридор нь өөрөө Монгол Улсын газарзүйн байршлын давуу талыг ашигласан бөгөөд ОХУ, БНХАУ-ын хооронд зөөн тээвэрлэх, дамжин өнгөрөх ачааг тээвэрлэх, зорилгоор анх санаачилсан. Түүнээс гадна манай дотоодын уул уурхайн бүтээгдэхүүнийг урд хөрш рүү тээвэрлэх зардлыг бууруулах гол ач холбогдолтой.

Коридор байгуулах асуудал эдийн засаг, техникийн судалгааны түвшинд яригдаж байна. Тус коридорыг байгуулах нь үнэхээр ашигтай гэж дүгнэвэл санхүүжилт  шийдэгдэж, барилгын ажил хэзээнээс эхлэх нь тухайн үедээ тодорхой болно.

Тус коридор Дорнод, Сүхбаатар аймгийн нутгийг дайран өнгөрч байгаа учир тухайн орон нутагт тодорхой хэмжээний үр ашгийг авчирна гэж тооцож байгаа.

Зүүн коридорын хүрээнд Эрээнцав-Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийг дайран өнгөрсөн нийт 800 гаран км төмөр зам тавигдах урьдчилсан тооцоо байна” гэв.

 “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэнгэл: Төмөр замын зүүн коридор нь Монгол Улсын эдийн засагт эерэг өөрчлөлт авчирна

“БНХАУ, ОХУ-ын худалдааны эргэлт жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Өнөөдрийн байдлаар 100 тэрбум долларын ачаа тээвэрлэж байна. Үүнийг ойрын хугацаанд ОХУ, БНХАУ-ын тал 200 тэрбум долларт хүргэнэ гэж байгаа. Үүний тодорхой хувь нь бидний яриад буй Монголоор дайран өнгөрөх зүүн коридорын замаар явах учиртай гэж бид харж байна. Энэ зам нь одоо явж буй чиглэлээс дунджаар 320 км-ээр дөт юм. Мөн тээвэрлэлтийн зардал ч багасах боломжтой. Энэ бол гурван улсын хувьд яригдаж буй асуудал.

Зөвхөн дотоодод буюу Монгол Улсад ямар үр өгөөжтэй вэ гэхээр коридор дамжин өнгөрөх бүс нутаг хөгжинө. Мөн тус бүс газрын баялаг ихтэй учир ашигт малтмалын нөөцүүдийг эдийн засгийн эргэлтэд  оруулж, улсын эдийн засагт эерэгээр нөлөөлөх боломж нэмэгдэнэ. Үүнийг дагаад ажлын байр ч бий болно” гэдгийг онцоллоо.

БНХАУ-ын “Байшинь төмөр зам” компанийн Ерөнхий захирал Пан Зипин Зүүн коридор үр ашигтай байна гэдэгт итгэлтэй байна

 

 “Өнөөдрийн зөвлөлдөх уулзалт зүүн бүсийн төмөр замыг барьж, хөгжүүлэхэд маш чухал нөлөө болно. Зүүн бүсийн эдийн засгийн тооцоог манай “Байшинь төмөр зам” хийсэн.  Үүнийг Монгол Улсын Засгийн газраас хянана.

Зүүн бүсийн төмөр замын дагуу үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудтай уулзалт дутуу хийснээс эдийн засгийн зарим тооцоо дутуу гарсан байна. Энэхүү уулзалтаар эдийн засгийн тооцооны дүн ашигтай, зөв гарах байх гэж итгэж байна. Монголын төмөр зам болон ЗТХЯ маш удаан хугацаанд бодож, боловсруулж, энэхүү шийдвэрийг гаргаж буй учир тус төмөр зам үр дүнтэй байна гэдэгт итгэж байна”.

ОХУ-аас Монгол Улсад суугаа худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн Васильев Максим Викторович: Транзит тээвэрт хамгийн хэрэгтэй зам бол зүүн коридор

 “ОХУ, БНХАУ, Монгол Улс гурвуулаа зүүн коридорын тухай санал солилцож, судалгаа хийж, хамтарсан ойлголцолд хүрэх нь чухал. Тус зөвлөлдөх уулзалтын ач холбогдол нь энэ. Бид урьдчилсан судалгаа хийсэн. Цааш нь илүү судлах хэрэгтэй гэж үзэж байгаа. Гэхдээ гурван улсын транзит тээвэрт хамгийн хэрэгтэй зам бол зүүн коридорын төмөр зам байх болно” хэмээв.

“Төмөр замын зүүн коридор-Бүс нутаг ба уул уурхайн хөгжил” олон улсын зөвлөлдөх уулзалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Зүүн коридор байгуулах нь зүйтэй эсэхийг шийдвэрлэж, гурван улсын ойлголцлын зөрүүг арилгах зорилготой юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52720
0 эможи
keyboard_arrow_up