ХУВИЙН ТОГЛОЛТДОО ДӨРЛҮҮЛСЭН ЗАСАГ

2018 оны 1 сарын 21

Arslan.mn

У.Хүрэлсүхийн танхим ажлаа эхлүүлснээс хойш гурван сар өнгөрч, ард түмнээр ажлаа дүгнүүлэх цаг айсуй.

Шинэ Засгийн газрын 100 хоногийн “бэлэг” нь шатахууны үнийн нэмэгдэл байлаа гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй биз.

Төсвийнх нь орлого давж биелэх нь байтугай, төлөвлөсөндөө хүрэхгүй тасарч, гадаад валютынх нь нөөц хорогдож байсан хүнд үед Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбатын  Засгийн газар нефтийн үнийг зохицуулаад ирсэн атал У.Хүрэлсүхийн танхим “Судалж байна” гэж цаг алдсаар өсгөж орхив.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджаваар ахлуулсан ажлын хэсэг ажиллаад ч нэмэр болсонгүй. Харин ч ажлын хэсгийн ахлагч Засгийн газраас “Оюутолгой” компанитай “дайн” зарлах даалгавар авсан мэт аашлав.

Танхимын сайд нараа гадаадад ажиллаж байгааг эзгүйчлэн “Оюутолгой”-н асуудлаар хэвлэлийн хурал хийж, Засгийн газрын бодлогыг ойлгомжгүй болгов. Юун нефтийн үнийн асуудлыг зохицуулах хойш тавив.  

Уг нь хэд хоногийн өмнө Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Оюутолгой компанитай холбоотой Д.Загджавын байр суурь нь Засгийн газрын бодлого биш. Дахин хувийн тоглолт хийвэл хариуцлага тооцно” гэх агуулгатай сануулга өгөөд Германыг зорьсон ч үл тоов.

Харин ч дэд сайдынх нь байр суурь өндөр авсаар УИХ-ын зарим гишүүн “Оюутолгой” компанид санхүүгийн шалгалт хийх ажлын хэсгийг цагдаа, тагнуул оролцуулаад парламентаас байгуулах ёстой гэх санаачилга гаргав.

Утаатай тэмцэх У.Хүрэлсүхийн танхимын бодлого ч ойлгогдохоо болив.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь “Утаатай тэмцэхийн тулд зуух тараахаас өөр аргагүй. Энэ нь утаатай тэмцэх богино хугацааны зорилтын нэг” гэж байр суурь илэрхийлж байхад Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Дахиж зуух тараахгүй” гэж сайддаа цахим хуудсаараа дамжуулан анхааруулга өгөх жишээтэй. Танхимдаа ойлголцохгүй байгаа улсууд утааг бууруулж чадах уу?. 

Сарын өмнө Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Манай нам 2016 оны УИХ-ын сонгуульд татвар нэмэхгүй байх ам тангараг ард түмэндээ өгсөн. Малчдад малын хөлийн татвар тавихгүй” гэж мэдэгдсэн бол Шадар сайд Ө.Энхтүвшин “Малын хөлийн татвар ногдуулах шаардлагатай боллоо” гэж өчигдөр чуулганы танхимд мэдээлэл хийв.

Засгийн газарт нэгдсэн бодлого байна уу. 

Эх сурвалж: News.mn Г.Хорол
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
52650
2 эможи
keyboard_arrow_up