Нөхөн сонгуулийн “МАРАФОН“ эхэллээ

2021 оны 9 сарын 02

Arslan.mn

Хоёр ч суудал нь суларсан УИХ-ыг нөхөх сонгууль ирэх аравдугаар сарын 10-нд болно. Хэнтийн 18 дугаар тойрог, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд есөн нам, нэг эвсэл оролцохоор СЕХ-д бүртгүүлж батламжаа аваад буй. Нөхөн сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчид нь нэр дэвшүүлэх ажиллагааг 2021 оны наймдугаар сарын 26-ны өдрөөс эхлүүлж, өчигдөр эцсийн шийдвэрээ гаргалаа. Хэдийгээр хоёр тойрогт сонгууль явагдах ч Сонгинохайрхан дүүрэгт жинхэнэ гал гарсан тулаан өрнөж мэдэхээр байгаа юм.

Э.Батшугар МАН-аас өрсөлдөнө

2020 оны ээлжит сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт үнэмлэхүй ялалт байгуулсан эрх баригч нам нөхөн сонгуульд суудлаа хадгалж үлдэж чадах эсэх нь анхаарал татаж буй. Хотын намын хорооны дарга Д.Сумъяабазар өөрийн багаас нэр дэвшүүлэх сонирхол байсан ч Н.Энхбаярын шахалтад орсон гэх яриа бий. Хоёр тойрогт долоон хүн нэр дэвших хүсэлтээ өгсөнөөс социологийн судалгааны дүнд үндэслэн МАН-ын Удирдах зөвлөл ялах магадлалтай нэр дэвшигчдийг Бага хурлаар оруулахаа мэдэгдэж байсан юм. Ингээд Бага хурлын гишүүдийн 95 хувийн саналаар Э.Батшугарыг Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшүүлэхээр батламжилжээ. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү тэрээр 2020 оны ээлжит сонгуулиар 28 дугаар тойрогт “Та бидний эвсэл”-ээс өрсөлдөж 28.09 хувийн санал авч байв. Н.Энхбаяр МАХН-аа эрх баригчидтай нэгтгэсний дараагаас 28 дугаар тойрогт Э.Батшугарыг дэвшүүлэхээр тохироо хийсэн гэж олон нийт таамаглаж байсан нь ийнхүү биеллээ оллоо.

Хэнтийн 18 дугаар тойрогт МАН-аас хуульч Л.Батжав, аймгийн Засаг дарга асан Н.Ганбямба, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга нараас сонгож магадгүй тухай таамаг хөвөрч байсан ч сүүлийн мөчид одоогийн Засаг дарга Ц.Идэрбат нэр орж ирэв. Олонд цуутай улстөрч гэхээсээ илүү аймаг орон нутагтаа танигдсан нэр дэвшигч сонгох нь МАН-ын жишиг болоод буй. Өнөөгийн парламентад ч орон нутгийн удирдлагаас төрийн түшээгийн суудалд дэвшсэн цөөнгүй гишүүн бий.

Э.Бат-Үүл баатар тойрог сэлгэнэ

Эв нэгдлээ олоогүй яваа Ардчилсан нам нөхөн сонгуульд ч хоёр тусдаа оролцох хүсэлт илгээснээс Сонгуулийн Ерөнхий хороо М.Тулгат даргатай АН-ыг бүртгэсэн. Тус намын ҮБХ өчигдөр хуралдаж 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг нэр дэвшүүлэхээр сонгосон бол өмнөх сонгуулиар энэ тойрогт өрсөлдөөд ялагдсан Улсын баатар Э.Бат-Үүл Сонгинохайрханд очиж байна.

ХҮН Хэнтийг орхиж, Сонгинохайрхны тойрогт Б.Найдалааг илгээлээ

2020 оны сонгуулиар парламентад суудалтай болсон ХҮН Ерөнхийлөгчийн сонгуулиар ч чамлахааргүй амжилт үзүүлж, нэр дэвшигч нь Ардчилсан намаас илүү санал авч олонд танигдсан билээ. “Зөв хүн-Электорат” эвсэл Хэнтийн тойргийг алгасаж, Сонгинохайрханы 28 дугаар тойрогт нэр дэвшигч илгээнэ гэдгээ ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдэгдэж байв. 2020 оны сонгуулиар Чингэлтэй дүүрэгт нэр дэвшсэн ХҮН-ын УЗ-ийн дарга, эдийн засагч Б.Найдалаа энэ удаад Сонгинохайрхнаас даагаа нэхэх нь.

Бусад нь...

Парламентад суудалтай улс төрийн гурван хүчний тухайд нэр дэвшигчдийг нь дээр өгүүлсэн бол энэ удаад УИХ-ын гаднахь намуудаас нэр дэвшигчдийг танилцуулъя.

Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намаас УИХ-ын 28 дугаар тойрогт ширээний теннисний холбооны Ерөнхийлөгч Ц.Гантулга, Хэнтий аймагт Паралимпын аварга Д.Баатаржавыг өрсөлдүүлэхээр сонгожээ. Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатар Сонгинохайрхны 28 дугаарт өрсөлдөхөө мэдэгдсэн бол 2020 онд тус тойрогт “Сахигтун 19 эвсэл”-ээс нэр дэвшиж байсан хуульч Х.Бат-Ялалт энэ удаа бие даахаар болжээ. Мөн түүнтэй нэгэн адил бие даахаар УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан, тоймч Ш.Гантулга, олон нийтийн сүлжээнд өөрийгөө Чингисхаан хэмээн тунхагласан цөөнгүй хүн бие дааж байгаа юм.

Нөхөн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид нь 2021 оны есдүгээр сарын 4-ний өдрийн дотор хөрөнгө, орлогоо цахимаар мэдүүлэх юм. Харин сонгуулийн төв байгууллага нөхөн сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэх олгож, сонгуулийн сурталчилгаа эхлэх хугацааг есдүгээр сарын 18-наар тогтоожээ.

Ийнхүү парламент дахь улс төрийн хүчнүүдийн харьцаанд дөмөгхөн өөрчлөлт оруулж дөнгөхгүй ч хувь улстөрчдөдөө шат ахих боломж олгох УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчид тодорлоо. Өөрөөр хэлбэл, энэ сонгуулийн дүн УИХ-ын олонхийн харьцаанд ч, цөөнхийн бүлэгт ч нөлөөлөхгүй. Гуравдагч хүчнээс нэр дэвшигч сонгогдлоо ч Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээс хэдийнэ хоцорсон. Харин хувь улстөрчид л улс төрийн тоглолтод орох боломжийг олгох сонгуулийн марафон эхэллээ.

Эх сурвалж: EAGLE.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630449
0 эможи

зочин
2021-09-02 12:50
Энхбаярын Батшугарыг сонгохгүй. юманд ёс зүй хэм хэмжээ гэж байдаг бол дэндлээ, хязгаар давлаа... ноёны бөх аятай л юм болж байнаа үгүй шүү...
keyboard_arrow_up