Ц.Дуламсүрэн: Анх удаагаа монгол төрийн их наадам тасалдлаа. Монгол түмний дархлаа суларч байна
УИХ-ын чуулганаар Үндэсний их баяр наадмын хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхтэй холбоотойгоор салбар холбоодоос мэдээлэл хийлээ. Мөн Монголын Үндэсний Морин уралдаан, уяачдын холбоо, Монголын Үндэсний Бөхийн Холбоо, Монголын Үндэсний Харваачдын холбоод хамтран ажиллаx санамж бичигт гарын үсэг зурлаа.
Монголын үндэсний Морин спорт уяачдын холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ц.Дуламсүрэн “Анх удаагаа монгол төрийн их наадам тасалдлаа. Үүний ард бид өв соёлоо хэрхэн авч үлдэх юм бэ гэдэг асуудал тулгамдаж байна. Монгол төрийн баяр наадам бол монгол түмний дархлаа. Гэтэл энэ дархлаа суларч байна. Тиймээс Монголын үндэсний морин спорт уяачдын холбооны, сурын холбоо, бөхийн холбоо нэгдэж, санамж бичиг гаргахаар болсон. Дэлхийн соёлын биет бус өвд бүртгэгдсэн монгол наадам бол соёлын өв юм. Тиймээс монгол наадмыг хамгаалж, хойч үедээ өвлүүлэх шаардлагатай.
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүсээд байгаа. Тухай бүрд нь тодорхой заалтууд дээр өөрчлөлт хийгээд явж ирсэн. Тиймээс УИХ-ын энэ намрын чуулганаар хэлэлцэх хуулийн төсөлд байр сууриа хүргэхээр ажиллана" гэлээ.









