САЙН МЭДЭЭ: Дэлхийн дуурийн урлагийн 16 шилдэг дуучны нэгээр МУГЖ Э.Анхбаяр шалгарав
Дуурийн дуулаачдын чансааг тогтоодог дэлхийн нэр хүндтэй тэмцээн болох "BBC Cardiff Singer of the World 2021" уралдаанд МУГЖ, Улсын филармонийн гоцлол дуучин, баритон Э.Анхбаяр оролцож, дэлхийн шилдэг 16 дуучны нэг болжээ.
ИБУИНВУ-ын Уэлсийн нийслэл Кардифф хотноо хоёр жил тутам 18-32 насны дуурийн дуулаачдын дунд 1983 оноос зохион байгуулж эхэлсэн энэхүү уралдаан 20 дахь удаагаа зохион байгуулагджээ.
Энэ жил тус уралдаанд 74 орны 518 дуучин мэдүүлгээ ирүүлсэн байна. Тэдний бичлэгийг шүүгчид сонсож уралдааны сүүлийн шатанд оролцох 15 орны 16 шилдэг дуучдыг шигшин шалгаруулсны дотор МУГЖ Э.Анхбаяр багтжээ.
Дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг өндөрт өргөн өрсөлдсөн түүнд цаашдынх нь уран бүтээлд өндөр амжилт хүсье.