МИНИЙ ТУРШЛАГА: Европ руу аялах хүмүүст ТӨЛӨВЛӨГӨӨ, ЗАРДЛАА хэрхэн тооцоолох талаар зөвлөе

2019 оны 11 сарын 18

Arslan.mn

Европ руу аялах аяллыг тань бодит болгоход тус болох алхмуудыг  нь эрэмбэлэн хүргэж байна.

ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛЖ, АЯЛЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРГАХ

Виз мэдүүлэхээс ч өмнө хийх ёстой зүйл бол аяллын төлөвлөгөө гаргаж, очих газраа судлах. Шенгений бүс нутагт хоорондоо чөлөөтэй зорчих боломжтой 26 орон байдаг тул аль улсаар эхэлж хаана аяллаа дуусгах, ямар маршрутаар явж, юу юу үзэх зорилгоо тодорхойлох хэрэгтэй. Ингэснээр аяллын нийт зардал, хоног зэргээ багцаалахад тустай.

Жишээ нь та туйлын туяа үзэх хүсэлтэй бол Скандинавын орнууд болох Финланд, Швед, Норвеги, Исландын аль нэг рүү арваас гуравдугаар сарын хооронд очиход тохиромжтой. Аяллаа Францаар эхлүүлэн, Парис хотод хоёр хоноод, зорилгоо биелүүлж туйлын туяагаа үзчихээд, Германаас буцангаа Европын алдарт шинэ жилийн захыг үзээд харина гэх мэт… Төлөвлөгөөгөө цаасан дээр буулгаад хадгалаарай, виз мэдүүлэхэд хэрэг болно.

Хамгийн том зардал нь онгоц, буудал байх болно. Европын ихэнх үзмэр гадаа, үнэгүй байдгаараа давуу талтай. Бүх хот нь цэцэрлэгт хүрээлэнтэй тул дулаахан өдөр дэлгүүрээс амттан аваад салхилж суухад таатай. Мөн Европын хот хоорондын нислэг эрт захиалахад хямд байхаас гадна газраар явсан ч зам нь бартаагүй.  

Мөн заавал олны хөлд дарагдсан, хэн нэгний заавал үзэх ёстой гэж тодорхойлсон газруудаас илүү өөрийн хүсэл, сонирхлоороо илүү утга учиртай аялал зохиож болно. Парис явна гэдэг нь заавал Эйфелийн цамхаг, Луврийн музей үзэхийн нэр биш шүү дээ.

ШЕНГЕНИЙ ВИЗ МЭДҮҮЛЭХ

Шенгений бүс нутагт харилцан визийн шаардлагагүй, хоорондоо чөлөөтэй зорчих боломжтой Европын 26 орон багтдаг. Үүнд Австри, Бельги, Чех, Дани, Эстон, Финланд, Франц, Герман, Грек, Унгар, Итали, Латви, Литв, Люксенбург, Мальт, Нидерланд, Польш, Португали, Словак, Словени, Испани, Швед зэрэг Европын Холбооны гишүүн улс мөн Исланд, Норвеги, Швейцар, Лихтенштейн зэрэг улс орно.

Гуравдагч орны иргэн тус орнуудад аялах тохиолдолд Шенгений виз авах шаардлагатай. Юун түрүүнд хамгийн эхэнд очих улсаа тодорхойлох хэрэгтэй. Жишээ нь таны Европын аяллын төлөвлөгөө Унгар улсаас эхлэх бол Шенгений визийг Монгол улс дахь Унгар улсын ЭСЯ-д мэдүүлнэ гэсэн үг. Аяллын виз тань гарчихвал та дээр дурдсан 26 орноор визгүй зорчихоос гадна аль ч орноос буцах боломжтой.

Унгараар аяллаа эхлүүлээд дунд нь Австри, Чех, Итали, Швейцар орноор зочлоод Германаас буцаад гэртээ харьж болно. Аяллын виз буюу богино хугацааны виз 90 хүртэлх хоног байдаг. Визний хураамж 60 евро бөгөөд үүн дээр та аяллын даатгал хийлгэсэн байх шаардлагатай. Аяллын стандарт даатгал нь дунджаар 60 мянга байдаг. Харин санхүүгийн баталгааны хувьд улс орон бүрээс шалтгаалан өөр өөр байна. Жишээ нь Франц улсад виз мэдүүлэх бол байрлах хугацаандаа хамгийн багадаа хоногт 129 еврогоор зардлаа тооцон баталгаагаа харуулна

Виз мэдүүлэхэд заавал урилгатай байх шаардлагагүй. Гол нь аяллын төлөвлөгөө тань үнэн бодит байх хэрэгтэй. Жишээ нь Франц руу урилгагүй зорчих бол урьдчилгаа төлбөргүй буудал захиалаад, баталгаажсан цахим шуудангаа үзүүлэхэд болно. Эсвэл найз нөхөд, хамаатныдаа байх бол хаягийг нь өгч болно. Дэлгэрэнгүй мэдээллийг тус тусын элчин сайдын яамны цахим хуудаснаас шалгаарай.

ОНГОЦНЫ ТАСАЛБАР, БУУДАЛ ЗАХИАЛГА

Ерөнхий аяллын төлөвлөгөөгөө гаргачихсан, визээ авчихсан бол онгоцны тасалбар, буудлын захиалгуудаа баталгаажуулаарай. Улаанбаатараас Европ руу ирэх олон сонголт бий. МИАТ Германы Франкфурт, Берлин рүү шууд нислэг үйлддэг. Туркиш эйрланс Бишкек, Стамбулаар дамжин, Аерофлот Москвагаар дамжин Европын ихэнх улсууд руу нисдэг. Мөн Бээжингээс ч явж болно. Нислэгүүдийн харьцуулсан мэдээллийг www.scyscanner.net -ээс шалгаарай.

Хэрэв таны хоног хугацаа хангалттай бол Улаанбаатараас Улан-Үүд, Эрхүү, Бээжин, Москва руу газраар яваад дамжин нисвэл зардлаа хэмнэнэ. Жишээ нь сарын дараах УБ-Берлин чиглэлийн нислэг нэг талдаа 1.3 сая бол Улан-Үүдээс Берлин рүү нэг талдаа 500 мянга байна.

Харин Шенгений улс хооронд та онгоцоор, автобусаар, галт тэргээр эсвэл машин хөлслөөд зорчиж болно. Европын том хотуудаар аялахдаа ажлын өдрүүдийг сонговол тасалбар нь хямд байхаас гадна хүн багатай байдаг. Учир нь Европын ихэнх хот амралтын өдрүүдээр жуулчид ихтэй байдаг.

WizzairEasyjetRyanair бол Европын хамгийн хямд нислэгийн компаниуд. Мөн хоорондоо ойрхон хотууд руу Flixbus гэх мэт автобусаар явж болно. www.omio.com-ийг ашиглан өөрт тохиромжтой тээврийн хэрэгслээ сонгоорой. Нислэг захиалахдаа ерөнхий нөхцөлийг нь заавал уншихыг зөвлөе. Жишээ нь хямд нислэгийн компаниуд ачааны хязгаартай, суудал нь тав тухгүй, хоолгүй, нислэгээс дор хаяж 24 цагийн өмнө цахимаар бүртгэлээ хийх ёстой гэсэн заалттай байдаг. Ер нь таны төлсөн мөнгөнд тохирсон үйлчилгээ л үзүүлдэг гэсэн үг 

Төсвөөсөө хамаараад та буудал, гэр зочид буудал, нийтийн буудал зэрэгт байрлаж болно. Гэр зочид буудал буюу Airbnb нь хүмүүс өөрсдийн байраа бусдад хөлслүүлдэг бөгөөд зочид буудлаас үнийн хувьд хямд, өөрсдөө цэвэрлэдэг, дотроо хоол хийх боломжтой, нэг байранд олуулаа байх боломжтой гэдгээрээ ялгаатай. Харин нийтийн буудал нь үнийн хувьд бусад хоёрыгоо бодвол харьцангуй хямд ч нэг өрөөнд танихгүй хүмүүстэй хамт байрладаг ба 00, шүршүүр, гал тогоо, зочнын өрөө нь нийтийнх байдаг. Богино хугацааны аялал нь өглөө гараад орой орж ирдэг тул хэт их тав тух, тансаг байдалд мөнгө зарлагадах хэрэггүй.

www.booking.com (зочид буудал), www.airbnb.com (гэр буудал), www.hostelworld.com (нийтийн буудал) ашиглан захиалгуудаа өгөөрэй. Байрлах байраа сонгоход хамгийн чухал зүйл бол байршил. Аль болох үзвэр үйлчилгээнийхээ төвд, ойр байх нь цаг, зардал хэмнэх болно. Мөнгөө хэмнэж байна гээд хол буудал захиалчихвал төв рүүгээ ирж очих нийтийн тээврийн зардал, хугацаа гээд алдах юм их бийг санаарай.

АЯЛАЛД ХЭРЭГ БОЛОХ АППЛИКЕЙШНҮҮД

Хамгийн түрүүнд тухайн явах гэж буй улсынхаа газрын зургийг татах хэрэгтэй. Ингэснээр интернэтгүй үед ч ашиглаад байршлаа мэдчихнэ. Дээрх дурдсан нислэгийн компаниуд, буудал, захиалгын сайтууд бүгд аппликейшнтэй тул утсан дээрээ татаад авахад илүүдэхгүй. Ядаж л онгоцны билетээ хэвлэх шаардлагагүй утсаа үзүүлэхэд л болно. Мөн улсуудын мөнгөн тэмдэгтийг хөрвүүлдэг XE гэх мэт аппликейшн хэрэгтэй.  

За ингээд дээрх дурдсан гол алхмуудаа хийчихсэн бол танд аяллаа бодит болгох л үлдээ. Амжилт хүсье.

Эх сурвалж: lead.style
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610643
11 эможи

Зочин
2019-11-18 17:33
keyboard_arrow_up