Б.Батцэцэг: “БАЯРЛАЛАА СУВИЛАГЧАА” гэх үгнээс урам зориг, эрч хүчийг авдаг
Зочин:
Б.Батцэцэг
Байгууллага:
СЭМҮТ
Албан тушаал:
1-р клиникийн сувилагч
Ажиллах арга барил:


2021 оны 05 сарын 12

Дэлхийн хамгийн хэрэгцээтэй 100 мэргэжлийн эхний тавд “Сувилагч” мэргэжил багтдаг. Хэчнээн чухал алба болохыг энэ жагсаалт илтгэнэ. Өвчтөнүүдтэй хамгийн ойр ажиллаж, амьдрах хугацаанд авах эмнэлгийн бүх л тусламж, үйлчилгээг үзүүлж, асрагч, аврагч, хамгаалагч, сэтгэл зүйч гээд олон мэргэжлийн үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэдэг хүндтэй хүмүүс юм тэд. Жил бүрийн тавдугаар сарын 12-ны өдөр Олон улсын сувилагчийн өдрийг дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Тэгвэл энэхүү хүндтэй бөгөөд хариуцлагатай ажлыг Сэтгэцийн эрүүл мэндийн салбарт 13 дахь жилдээ хийж яваа Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн /СЭМҮТ/ 1-р клиникийн сувилагч Б.Батцэцэгтэй уулзаж ярилцлаа.

Ярилцсан сэтгүүлч:

НЭГ. Сэтгэлзүй, орчин, эмчилгээ, сувилгаа, асаргаа зэрэг нийлж байж өвчтөн эрүүл, саруул болно

-Танд олон улсын сувилагчийн өдрийн баярын мэнд хүргэе. Таны хувьд анх мэргэжлээ хэрхэн сонгож байв.

-Баярлалаа. Миний хувьд СЭМҮТ-д 13 дахь жилдээ ажиллаж байна. Манай бэр эгч минь хүнд их тусалдаг, сайхан зантай, хүнлэг энэрэнгүй, ажилсаг сувилагч мэргэжлээр маш олон жил ажилласан хүн байсан. Тэр хүнийг анх хараад л би энэ мэргэжлээр ажиллах ёстой юм байна гэж бодож, энэ мэргэжлийг сонгосон. Анагаах ухааны их сургуулийг 2008 онд Сувилахуйн мэргэжлээр, 2009 онд Улаанбаатар дээд сургуулийг “Сувилахуйн арга зүйч”-ээр мөн төгсөж, тухайн ондоо СЭМҮТ-т сувилагчаар ажлын гараагаа эхэлсэн. Ажиллаж байх хугацаанд сувилагч мэргэжлээ ахиулан “Сэтгэц донтолтын сувилагч”-ийн чиглэлээр Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Момент” төсөлд хамрагдаж мэргэжил дээшлүүлэн ажиллаж байна.

-Сувилагчийн мэргэжлийн онцлог болон хүнд хэцүү зүйл нь юу вэ? Танд ажиллах хугацаанд шантарч бууж өгч байсан тохиолдол бий юу?’

-Сувилахуйн мэргэжил нь гардан үйл ажиллагаа явуулдгаараа онцлогтой. Өвдөж шаналсан үйлчлүүлэгчдэд хамгийн ойрын туслагч, сэтгэл зүйгээр нь дэмжиж тусалдаг хүн шүү дээ. Өвчинтэйгөө тасралтгүй 24 цаг байдаг үе ч бий. Тиймээс маш сайн сонсогч байж, тухайн хүнийхээ сэтгэлзүйтэй ажиллах шаардлагатай болдог.

Ер нь сэтгэлзүй, орчин, эмчилгээ, сувилгаа, асаргаа зэрэг нийлж байж өвчтөн эрүүл, саруул болно. Үүнд сувилагчийн хандлага харилцаа, асаргаа, сувилгаа маш чухал үүрэгтэй.

Өөрийн сонирхлоороо хийж байгаа учраас сувилж асарч буй эмчлүүлэгчдийн бие нь илааршаад, сайжирч, эдгэрч байгаа тухайн цаг мөчид бүх хэцүү зүйлүүд ард хоцорч, эргээд л дараагийн ажилдаа орох эрч хүчийг авдаг. Тэгэхээр мэргэжлээрээ үнэхээр бахархаж, насан туршийн буяны мэргэжил юм гэж боддог доо. Надад суралцах зүйл маш их байна. Би маш гоё мэргэжил эзэмшсэн учраас одоо энэ мэргэжлээрээ улам их зүйлийг хийнэ гэж боддог. Хүн алдаан дээрээсээ суралцдаг гэдэг дээ. Өнгөрсөн хугацаанд загнуулж, зэмлүүлэх үе надад маш их байсан. Гэхдээ би мэргэжилдээ маш их хайртай.

-Мэргэжлийн тань хамгийн сайхан зүйл нь юу вэ?

-“Сувилагчаа” гэж дуудахад итгэл, найдвар, амь нас, эрүүл мэндээ бидэнд даатгаж, хариуцлага хүлээлгэсэн хүндлэл гэж ойлгодог. Эмчлүүлэгч болон ар гэрийнхэн нь асаргаа сувилгаагаа хийлгэн, эдгээд “Сувилагчаа баярлалаа” гэж хэлэх нь хамгийн сайхан. Тэр үгнээс би маш их урам зориг эрч хүчийг авдаг. Барилгачин хүн барьсан барилгаа хараад баярлаж, талхчин талхаа зараад баярладаг бол сувилагч хүн өвдсөн хүн эрүүл болоод “Баярлалаа”, “Чи яасан зөөлөн гартай юм бэ” гэж хэлэх нь үнэхээр аз жаргал байдаг.


ХОЁР. Сувилагч хүн уян зөөлөн, өрөвч нинжин сэтгэлтэй байдаг

Arslan.mn

-Таны хувьд ажиллаж байх хугацаандаа ойролцоогоор хичнээн хүнд сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлж байв. Таны хувьд тоолж амжсан болов уу?

-Нэг сувилагч жилдээ 3200-3600 хүнд сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлдэг гэсэн судалгаа байдаг. Миний хувьд ажилласан хугацаандаа 8400 гаруй үйлчлүүлэгчид сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлсэн байх. Яг нэг бүрчлэн тоолж бол амжихгүй шүү дээ.

Өнөөдөр сувилагч мэргэжлийг эзэмшсэн хэн бүхний баярын өдөр тохиож байна. Сувилахуйн ухааны үндэслэгч нь Ф.Найтенгель энэ өдөр төрсөн юм.

Сувилахуйн тусламж үйлчилгээг нас, хүйс, итгэл үнэмшил, соёл, хөгжлийн бэрхшээл, өвчин, бэлгийн чиг хандлага, үндэс угсаа, улс төр, арьс өнгө, нийгмийн байдал зэргээр ялгаварлахгүйгээр үзүүлдэг. Сувилахуйн үйлчилгээг зөвхөн эм өгөөд, тариа тариад явдаг гэж өнгөцөөр ойлгож огтхон ч болохгүй. Бид давхар өвчтөний сэтгэл зүйтэй  ажиллах, эрүүл мэндийн боловсрол олгох шаардлагатай болдог. Өөрөөр хэлбэл маш нарийн мэргэжил гэж хэлж болно.

-Таны амьдралдаа авч байсан хамгийн том шагнал юу вэ?

-Эмчлүүлэгч эдгэрээд гэр бүлийнхэнтэйгээ сэтгэлдээ дүүрэн баяртайгаар “Сувилагчаа баярлалаа” гэж хэлэх тэр үг миний хувьд хамгийн том шагнал хамгийн сайхан аз жаргалыг надад мэдрүүлдэг.

-Сувилагч хүн ямар зан чанартай байх хэрэгтэй вэ. Энэ мэргэжил хүнийг ямар зан чанартай болгодог вэ?

-Сувилагч хүнээс эмчлүүлэгчийн төлөө гэсэн сэтгэлтэй үнэнч шудрага, нягт нямбай, хурдан шуурхай шийдвэр гаргах багаар ажиллах чадварыг их шаардана. Тиймээс ч сувилагч хүн уян зөөлөн, өрөвч нинжин сэтгэлтэй байдаг. Энэ хүн би, энэ хүн миний ээж, миний аав, миний үр хүүхэд гэдэг сэтгэхүйгээр хандаж эмчилдэг. Мөн бусдад сайхан сэтгэгдлийг үлдээдэг мэргэжил юм. Ингэхийн тулд үйлчлүүлэгчээ маш сайн сонсдог байх хэрэгтэй.

Нөгөө талаас сувилагч гэдэг хариуцлагатай мэргэжил. Эмч онош тогтоож, эмчилгээ бичиж эмчилдэг бол, сувилагч өвчтөнийхөө бие мах бодийн, сэтгэл хөдлөлийн, сэтгэцийн, болон нийгмийн эрүүл мэндэд анхаарч халамж болон зөвлөгөө өгдөг.

-Өнөөдөр сувилагч нарын баяр болж байна. Та талархал болон мэндчилгээ дэвшүүлбэл.

-Хамгийн түрүүнд эмнэлгийн ажилчин биднийг цаг наргүй ажиллаж байхад ар талд минь бат зогсдог хань, гэр бүл, аав ээждээ маш их баярлалаа гэж хэлье.

Мөн Монгол улсын өнцөг булан бүрт ажиллаж байгаа мэргэжил нэгт сувилагч нартаа Олон улсын сувилагчдын өдрийн баярын мэнд хүргэж эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Сувилагч хувцсандаа жавхаажиж

Сувилахуйн ухаанд шамдаж

Сайхан мэргэжилдээ дадлагажсан

Энгүй их ачтан билээ та...


keyboard_arrow_up