Л.ТЭМҮҮЛЭН: Уурхайн оффисийн өнцөг булан бүрт манай хамт олны сэтгэл, хүч, ур ухаан шингэсэн
Зочин:
Л.ТЭМҮҮЛЭН
Байгууллага:
Албан тушаал:
Ажиллах арга барил:


2021 оны 05 сарын 09

Ярилцсан сэтгүүлч:

НЭГ. Бид оффисоо шинэчлэхдээ гадны ямар ч компаниар ажил хийлгээгүй, 100 хувь өөрсдөө бий болгосон

Орон нутаг дахь уурхайн ажилчид өөрсдийн санаачилга, дотоод нөөц боломжоо ашиглан ОФФИССОО шинэчлэн, орчин үеийн тохилог орчинг бий болгосон гэгээлэг мэдээг хүргэж байна. Залуухан, эрч хүчтэй, чадварлаг Монгол боловсон хүчний төлөөлөл болсон Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд үйл ажиллагаа явуулдаг "Наран Мандал" ХХК-ий уурхайн дарга Л.Тэмүүлэн баг хамт олныхоо талаар ярьж суухдаа “Компани бидэнд хийж өгөх ёстой гэсэн хандлагатай биш, харин ажилтнууд бид нийлээд юуг ч хийж болно гэдгийг жижиг зүйлээс ч хамаагүй хамт олноороо бид харуулахыг зорьсон” хэмээн тэрээр зургаан долоо хоногийн дотор  босгосон шинэхэн оффистоо ярьж суулаа. Ингээд шинэ оффис, хамт олон, компаний болон түүний өөрийнх нь үнэт зүйлсийн талаар сонирхолтой ярилцлагыг хүргэе.

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Хөдөө орон нутагт, тэр дундаа хот суурин газраас алслагдмал говь газар ийм орчин үеийн шийдэлтэй оффис байна гэдэг ховор. Уурхайн оффисын загвар, шийдэл, энэ санаа анх хэрхэн бий болсон бэ?

-Сайн байна уу. Миний бие ажлын гараагаа энэ компаниас эхэлж байсан азтай залуусын нэг. Дунд нь Бээжин хотод магистрийн зэргээ хамгаалаад буцаад компанидаа эргэн орж уурхайн даргын ажлыг хүлээн авах үедээ оффисоо шинэчлэх шаардлагатайг мэдэрсэн.

Миний хувьд Мерилендийн их сургуульд бакалаврын сурч байхдаа Мюних, Лондон гэх мэт олон хотод дадлагаар очиж, дэлхийн томоохон компаниуд болох Амазон болон өөр бусад старт ап компаниудаар зочилж байсан. Амжилтыг эрхэмлэж байгаа газрууд ажилчидынхаа ажиллах тав тух, оффисийн тохилог байдалд ач холбогдол өгч, хөрөнгө оруулалт хийдэг. Ингэснээр байгууллагын бүтээмж нэмэгддэг гэдэг философийг тэр үед өөрийн биеэрээ ойлгосон. Оффис бол бидний хоёр дахь гэр шүү дээ. Тиймээс тав тухтай орчинд ажиллах нь хамгийн чухал. Амьдралынхаа ихэнх цагийг энд л өнгөрөөж байгаа учраас  хамтдаа оффисоо өөрчилцгөөе гэж бодож энэ ажлыг эхлүүлсэн.

-Шинэ оффисоо хичнээн хүний тусламжтайгаар хэр хугацаанд босгосон бэ?

-Энэ оффисийн өнцөг булан бүрт манай хамт олны, хүн бүрийн сэтгэл, хүч, ур ухаан шингэсэн байгаа. Бид оффисоо шинэчлэхдээ гадны ямар ч компаниар ажил хийлгээгүй, 100 хувь өөрсдөө бий болгосон.

Ямар нэгэн компаниар хийлгэсэн бол зардал нь 120 сая хол давах байсан. Оффисоо шинэчлэх санаа төрсний дараа бүх хэлтсийн дарга нартай уулзаж санал авахад бүгд дэмжсэн. Тухайн үед компани маань дөрвөн сарын турш сул зогссон, шинэ оффисийн санааг санхүүжүүлэх боломжгүй байсан. Тиймээс дотоод нөөц бололцоо хүн хүч, тэдний авьяас чадвар цаашлаад хаях гээд хаяж чадаагүй хог хаягдалд тооцогдох барилгын материал гэх зэрэг байж болох бүх зүйлийг бид ашиглаж оффисоо тохижуулсан. Худалдаж авсан зүйл гэвэл ширээний модон тавцан л байна. Манайх нийт 400 гаруй ажилтантай энэ дотор янз бүрийн мэргэжилтэй, авъяас чадвартай хүмүүс олон бий. Манай ажилтнууд дотроос БНХАУ-д архитекторч мэргэжлээр төгссөн хүн байна, АСЕМ Вилла хотхоны дотоод засал дээр ажиллаж байсан хүмүүс ч байсан. Тиймээс өөрсдийн бололцоогоо ашиглаад, өөрсдийн хүссэн загвараар ажиллах орчиноо бүтээе гээд шинэ оффисын бүтээн байгуулалтын ажилдаа шамдан орсон. Оффисоо зургаан долоо хоногийн дотор л засаад дууссан. Хэлтэсүүд маань тус бүр өөрсдийн чадлаараа хандив өгч, илүү тохилог болоход тусласан.

 


ХОЁР. Манай хөрөнгө оруулагчид бидэнд итгэж өнөөдрийг хүртэл хамтран зүтгэсээр байгаад их баярладаг

-Энэхүү орчин үеийн оффисын загвар, шийдэл уул уурхайн компанийн хувьд хэр нийцсэн гэж та бодож байна? Шинэ оффисдоо ажиллахад ажилтнуудын хандлага  хэр өөрчлөгдөж байна вэ?

-Уул уурхайн салбарт онцлогоосоо хамааран соёл болон ажиллах арга барил нь олон зуун жилийн практик судалгаа дээр суурилсан, нилээд уламжлалт талдаа, түүнийгээ хатуу дагаж мөрдөхийг шаарддаг. Тэглээ гээд уурхайн оффис нь уламжлалт хэв маягтай байх албагүй гэж бодсон. Ажиллах орчинг илүү шинэлэг болгосноор ажилтнууд ажлын байран дээрээ өнгөрөөх цаг нь нэмэгдэж, үүнийгээ дагаад бүтээмжүүд нэмэгдэж уур амьсгал ч сайхан болсон. Маш олон эерэг үр дүнгүүд эхнээсээ анзаарагдаж байгаа шүү. Ажлын бүтээмж, ажилдаа хандах сэтгэл ажилтнуудаасаа асуухаасаа өмнө эхлээд түүнийгээ гаргах орчинг удирдлагууд нь хэр хэмжээнд өгж чадсан бэ гэдэг асуултыг тавих ёстой гэж боддог.

-Энэ оффисийн хамгийн дуртай, хайрладаг хэсэг нь аль вэ?

-Оффис маань том цонхтой, харагдах орчин сайтай, цэлгэр байхаар зурагдсан. Өглөө кофе, цай уунгаа цонхоороо Баянхонгор аймгийн алдарт Их Богд хайрханг харах дуртай. Гадны болон дотоодын жуулчид мөнгө төлж ирж үздэг хайрханг бид нар оффисынхоо цонхоор харж байгаадаа их баяртай байдаг бас их азтай гэж боддог.

Мөн Монгол залуу хүмүүс их ажилладаг болохоор оффисдоо Монгол уламжлалт тансаг элементүүдийг шигтгэж өгөхийг зорьсон.

Arslan.mn

-Та уншигчиддаа зориулаад компанийнхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-“Наран Мандал Энтерпрайзес” ХХК нь олон улсын хөрөнгө оруулалттай, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Мандалхайрхан багт үйл ажиллагаа явуулж буй алтны нарийн судалтай, үндсэн ордны уурхай бөгөөд үйл ажиллагаа явуулаад зургаан жил болж байна. Сүүлийн гурван жил манайд шинэ захирал орж ирсэн цагаас хойш маш олон бүтээн байгуулалт, шинэчлэлт хийгдээд ажил хурдтай бас урагштай явж байна.  Бид хамтдаа нийгмийн хариуцлагатай уурхайн соёлыг бүтээхээр ажиллаж, эх орныхоо эдийн засаг, энэ ажлаас хамааралтай олон хүмүүст үр өгөөжөө өгч ажиллаж байна гэж ухамсарладаг. Ялангуяа эдийн засаг хүндрэлтэй, хүнд үед манай салбарын үүрэг роль өндөр, хариуцлага их гэж боддог.Бидэнд өнгөрсөн хугацаанд хүнд хэцүү, шантармаар үе маш их байсан.

Монгол улсад итгэх итгэл буурч гадны бүх хөрөнгө оруулагчид буцаж байхад манай хөрөнгө оруулагчид бидэнд итгэж өнөөдрийг хүртэл хамтран зүтгэсээр байгаад их баярладаг.

Бүх хүмүүс биднээс нүүрээ буруулж байхад Монголд цөөхөн хөрөнгө оруулагчид үлдэж байсан нь манай хөрөнгө оруулагчид. Уул уурхайн салбар асар их хэмжээний хөрөнгө оруулалт, урт хугацааны тэвчээр шаарддаг өндөр эрсдэлтэй салбар. Тэд заавал бидэнд хөрөнгө оруулах шаардлагагүй, өөр улс орон луу явах боломж хэзээд байсан. Гэхдээ Монголчуудад итгэж байгаад хувь хүнийхээ хувьд талархдаг.

-Таны хувьд их залуухан боловсон хүчин байна. Ажилдаа хандах хувь хүний хандлага асар чухал байдаг гэдгийг та яриандаа дурьдсан. Зөвхөн залуу үеийнхэн гэлтгүй нийт уншигчиддаа хандаж юу хэлэхийг, дамжуулахыг хүсч байна вэ?

-Хүн ажлаа, ер нь аливаа зүйлийг хэзээ ч голж болохгүй бас байгаа зүйлдээ ханаж болохгүй гэж би боддог. Шалтаг олъё гэвэл хэдийг ч олж болно. Би энэ компанидаа анх захиргааны туслах ажилтнаар ороод бүхнийг эхнээс нь хийж, сурч байсан. Эерэг хандлагатайгаар, хичээл зүтгэлтэй байвал болдог бүтдэг гэдгийг энэ дашрамд онцолж хэлмээр байна.

-Таны үнэт зүйл болон ажлын хэв маяг юу вэ?

-Ажлын байран дээрээ ч амьдрал дээр ч шударга, үнэнч байхыг эрмэлзэж явдаг. Би 24 насандаа энэ компанидаа төслийн менежер гэсэн удирдах албан тушаалд очиж байсан. Тэр үеийн би одоогийн би хоорондоо өөр.

Дөрвөн жилийн хугацаанд би хувь хүн талаасаа хөгжсөн. Манай компанид дэлхийн олон улсад ажиллаж байсан, өндөр туршлага бүхий Майкл Фишер гэх эрхэм гүйцэтгэх захирлаар ажилладаг. Миний хамгийн том зөвлөх, удирдлагаасаа их зүйл сурахыг боддог, ажил дээр ч амьдрал дээр ч.

Ажилчдынхаа хүндлэлийг хүрт гэдэг маш чухал зөвлөгөөг надад өгч байсан.  Компани бол эцсийн эцэст хүмүүс нь юм гэж тэрээр дандаа хэлдэг. Тиймээс ч ажилтнуудаа бодсон арга хэмжээ, таатай нөхцлүүдийг аль болох бүрдүүлэх гэж хичээдэг дээ.

Arslan.mn

-Сонирхолтой сайхан ярилцлага өрнүүлсэн танд баярлалаа. Олон залууст урам зориг, хийж бүтээх хүслийг өгөх байх гэж найдаж байна. Танд ажлын өндөр амжилт хүсье.

-Баярлалаа. Та бүхний ажилд бас өндөр амжилт хүсье. Энэ ярилцлагаараа дамжуулаад гэр бүл, хамт олон болон бидэнд итгэл үзүүлдэг бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна.

 


ГУРАВ. ХАМТ ОЛОНДОО БАЯРЛАЛАА

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn


keyboard_arrow_up