С.БАТХАНГАЙ: Иргэдийн итгэлт цагдаагийн алба хаагч байхын төлөө хичээн ажиллаж байна
Зочин:
С.БАТХАНГАЙ
Байгууллага:
 Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс
Албан тушаал:
Хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч
Ажиллах арга барил:


2020 оны 05 сарын 08

 Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн тавдугаар хороо хариуцсан хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч С.Батхангайтай ярилцлаа.

Ярилцсан сэтгүүлч:

НЭГ. Иргэдийн итгэлт цагдаагийн алба хаагч байхын төлөө хичээн ажиллаж байна

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Ажил ихтэй байхад нь хүрээд ирэх шиг боллоо. Таны хувьд хэдэн оноос эхлээд цагдаагийн байгууллагад ажиллаж байна?

-Сайн байна уу. Та бүхэнд мөн энэ өдрийн мэнд хүргэе. Ажил ерөнхийдөө дуусах тийшээ хандаж байна. Өнөөдөр тэгэхдээ ажил ихтэй өдөр байлаа. Миний хувьд анх 2007 онд банкны хамгаалалтад харуулын цагдаагаар ажиллаж эхэлсэн. 2010 онд цагдаагийн академид үндсэн ангид суралцаж, 2014 онд төгсөн Баянзүрх дүүрэгт өнөөдрийг хүртэл хэсгийн байцаагчаар ажиллаж байна.

-Танай дүүрэг бусад дүүргүүдээ бодвол хүн ам ихтэй, дамжин өнгөрөх цэгүүд ихтэй дүүрэг. Ер нь дүүрэг нь юугаараа илүү онцлог вэ?

-Манай дүүрэг нийслэлийн хамгийн том дүүрэг бөгөөд хотын зүүн өмнөд хэсэгт оршдог. 1965 онд байгуулагдсан. Харин миний ажилладаг тавдугаар хорооны хувьд хүн амын нягтаршилт ихтэй, гэмт хэргийн гаралт өндөртэй газар нутаг том биш ч сүүлийн жилүүдэд орон сууцны хорооллууд их баригдаж байгаа. Үүнтэй холбоотойгоор хүн амын нягтаршил улам нэмэгдэж байна. Төв зам дагуу байршилтай учир баар, ресторан, шөнийн цэнгээний газрууд ихтэй, томоохон худалдааны төвүүдтэй, хойд талдаа төвлөрсөн авто засварын газрууд нэлээдгүй их байдаг. Ер нь олон хөлийн газар даа.

-Иргэдтэй хамгийн ойр ажилладаг цагдаагийн алба хаагч бол хэсгийн байцаагч шүү дээ. Тэгэхээр таны ажил мэргэжлийн онцлогийн талаар.

- Хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ирсэн өргөдөл, гомдолд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах зэрэг үүргийг гүйцэтгэж байна. Хорооныхоо бүх хүмүүсийг таньдаг байх шаардлагатай. Мөн хорооныхоо гудамж, өнцөг булан бүрийг мэддэг, хаана ямар хэрэг гарч болох талаар бүрэн мэдлэгтэй, иргэдтэйгээ хамгийн ойр харьцаатай, хамтарч ажилладаг маш хөдөлгөөнтэй байхыг л шаарддаг ажил л даа.

 Миний хувьд иргэдийн хамгийн ойрын туслагч, нууцыг чандлан хадгалагч, иргэдийн итгэлт цагдаагийн алба хаагч байхын төлөө хичээн ажиллаж байна.

Иргэдээс цагдаагийн байгууллагад янз бүрийн л дуудлага ирж байгаа. Энэ болгоныг бид нэг бүрчлэн бүртгэн хүлээн авч шийдвэрлэдэг. Засгийн газрын бодлого, цагдаагийн байгууллагын зорилт, зорилгод нийцүүлж, иргэдийнхээ амар тайван, амгалан амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна.

-Ер нь хэсгийн байцаагчийн ажил тал талын ур чадвартай, хөрвөх чадвартай байх шаардлагатай юм байна. Тийм үү.

-Тиймээ. Хөрвөх чадвар сайтай, урьдчилан сэргийлэх ажлаа ч хийчихнэ. Ирсэн өргөдөл гомдолд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулна. Хулгай дээрмийн хэргийг эрэн сурвалжлах гэх зэргээр алба хаагчдаас илүү чадвар шаарддагаараа илүү онцлогтой юм шиг санагддаг. 

-Танай хороонд зонхилон ямар, ямар хэргүүд бүртгэгдэж байна?

- Орон сууц болон гэр хороолол хосолсон гэж дээр хэлсэн. Ихэвчлэн орон байр юм уу гэр бүлийн хүчирхийллийн хэрэг, томоохон худалдааны төв ихтэй учир халаасны хулгайн гэмт хэрэг нэлээд үйлдэгддэг. Хороодын газар нутгаас шалтгаалан гэмт хэргийн гаралт нь хүртэл өөр байдаг. Манай хороонд хүн амын нягтаршилт их учир бүртгэгдэхгүй гэмт хэрэг гэж байдаггүй. Одоогийн нөхцөл байдлаар автомашины эд анги, шил толь хулгайлах мөн гэр хорооллуудаар орон байрны хулгайн хэрэг зонхилон бүртгэгдэж байна.

Нийслэлийн засаг даргын A/223 дугаар захирамжийн хүрээнд баар, ресторанууд хаагдсантай холбоотойгоор бусдын эрүүл мэндэд халдах гэмт хэрэг харьцангуй буурсан. Өмнө нь өдөрт 20-30 дуудлага мэдээлэл бүртгэгддэг байсан бол өнөөдрийн байдлаар дуудлага мэдээлэл 15-20 хооронд болж буурсан. Гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл 6-7 бүртгэгддэг байсан бол одоо 2-3 гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдэж байна.

-Хэргийг хэрхэн шийдвэрлэж ажиллаж байна даа.

- Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй өргөдөл, гомдлыг шалгахад хамгийн хурдандаа хоёр өдөр болдог. Эхний өдөр холбогдох иргэдээс тайлбар, мэдүүлэг авна. Хоёр дахь өдрийг шүүх дээр өнгөрүүлдэг. Учир нь баривчлах шийдвэрийг шүүгч оногдуулдаг. Бид тухайн хэргийг шалгаж шүүх дээр баримт материал бүрдүүлж очдог. Бүтэн хоёр өдрийг нэг өргөдөл, гомдлыг шалган шийдвэрлэхэд зарцуулж байна. Энэ хугацаанд дараа дараагийн өргөдөл гомдлийг шалгахад цаг хугацаа алдагддаг. Тиймээс шөнө орой ажил дээрээ хонох тохиолдол цөөнгүй гардаг. Тэглээ гээд шантарсан зүйлгүй. Өөрөө хүсч эзэмшсэн мэргэжил болохоор ард иргэдийнхээ төлөө л ажиллаж байна даа.

-Covid 19 цар тахлын хүрээнд ямар ажлуудыг хийж хэрэгжүүлэн ажиллаж байна?

-Бидний хувьд тусгаарлагдах байрнаас гэрийн тусгаарлалтад шилжсэн иргэдийг өрхийн эмнэлгүүдтэй хамтарч гэртээ 14 хоног дахин өөрийгөө тусгаарлаж байна уу гэдгийг хянах, хаяг нь тодорхойгүй иргэдийн хаягийг тодруулан ажиллаж байна. Мөн урамшуулалт эргүүлүүдийг ажиллуулж иргэдэд мэдээ мэдээлэл  түгээх, маскаа зүүх бусад зөвлөмжүүдийг хүргэж ажиллаж байна. Үүнээс гадна хүмүүс олноор цуглардаг газруудад хэсгийн байцаагч нар зөвлөмж тараах, СӨХ-тэй хамтарч тус зөвлөмжийг орон сууцны үүдэнд нааж сэрэмжлүүлэх ажлыг хийж байна. Иргэдийн хувьд онцгой нөхцөл байдалтай эдгээр өдрүүдэд маскаа зүүх, хувийн ариун цэврээ сахиж өөрсдийн эрүүл мэндээ хамгаалах тал дээр чадлаараа л зүтгэж байна гэж харж байгаа.  

-Таны хувьд цагдаагийн байгууллагаас алба хаагчид руу чиглэсэн ямар ажлуудыг хийгээсэй гэж боддог вэ?

-Хороон дээр ажиллаж буй хэсгийн байцаагч нар 2010 оноос өмнө урьдчилан сэргийлэх ажлыг маш сайн хийдэг байсан. Одоо бол хэсгийн байцаагч нар өргөдөл, гомдол ихээр шалгадаг. Тэгэхээр урьдчилан сэргийлэх ажилд зарцуулах цаг хомс болсон.  Бидний хувьд иргэдээ аливаа гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх ажлыг түлхүү хийх хэрэгтэй гэж боддог. 

-Таны хувьд ажил үүргээ гүйцэтгэж байхад бэрхшээлтэй зүйлүүд хэр их гардаг вэ?

- Одоогоос таван жилийн өмнө иргэдийн стресс бухимдал харьцангуй бага байсан болоод ч тэрүү алба хаагчдын шаардлагыг хэл ам хийлгүйгээр биелүүлдэг байсан. Одоо иргэд шаардлага тавихад "чи хэн юм бэ, чи юу юм бэ” гээд л утсаа гаргаад бичлэг хийх хандлага их ажиглагддаг. Эрхээ эдэлж байгаа бол дагаад үүргээ биелүүлэх л хэрэгтэй. Хууль ёсны зөв шаардлага тавьж байвал түүнийг ухамсарлаж, шаардлагыг сөргөөр хүлээж авахгүйгээр бидний ажилд тусалдаг байгаасай гэж хүсдэг.

Иргэд эрхээ мэддэг хэрнээ үүрэг гэдэг зүйлийг огт ухамсарлахгүй байгаа нь зарим талаараа бидний ажилд саад болох нь бий. Бусдаараа бол харьцангуй гайгүй ээ. Нэг үеэ бодвол цагдаагийн байгууллагын хангамж сайжирсан. Тэгэхээр бидэнд санаа зовох, бэрхшээлтэй зүйл бараг л гардаггүй.

-Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье. Ард иргэдтэйгээ илүү ойрхон ажиллаарай гэж хүсье.

-Баярлалаа.


keyboard_arrow_up