Д.ОДГЭРЭЛ: Монгол цэрэг нь дэг журам, сахилга батын үлгэрлэл, эр зориг, тэсвэр хатуужлын илэрхийлэл юм
Зочин:
Д.ОДГЭРЭЛ
Байгууллага:
ҮБХИС
Албан тушаал:
Цэргийн хөгжмийн сургуулийн захирал
Ажиллах арга барил:
Хариуцлага зарчимч цаг баримталдаг


2018 оны 03 сарын 18

“Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 97 жилийн ойн баярыг тохиолдуулан ҮБХИС-ийн Цэргийн хөгжмийн сургуулийн захирал, хошууч Д.Одгэрэлтэй ярилцлаа.

Гэрэл зургийг:
arslan.mn
Ярилцсан сэтгүүлч:
arslan.mn

НЭГ. Монгол цэрэг нь дэг журам, сахилга батын үлгэрлэл, эр зориг, тэсвэр хатуужлын илэрхийлэл юм

-Танд “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэнд хүргэе. Баярын энэ өдөр цэргийн албанд орох болсон дурсамжийн тань талаар яриагаа эхлүүлье гэж бодлоо...

Би Ховд аймагт төрсөн. Миний аав цэргийн хүн байсан болоод ч тэр үү, цэргийн амьдралтай ойрхон өссөн учраас хүүхэд байхаасаа л энэ салбарт дуртай байсан. Тухайн үед  Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123-аар ангийн салааны хүүхдүүд хөгжим тоглоод явахад надад их л  гоё санагддаг байв. Тэгээд л нэг өдөр аав маань намайг дагуулж очоод шалгуулан, тэнцэж  цэргийн хөгжимчин болох мөрөөдөл маань эхэлсэн дээ. Улмаар 1997 онд Цэргийн хөгжмийн сургуульд элсэн орж,  2001 онд амжилттай төгссөн. Төгссөнийхөө дараа Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123-аар ангид очин хөгжимчин ахлагчаар ажиллаж байгаад 2004-өөс 2010 онд 6 жилийн турш ОХУ-ын Москва хотын цэргийн хөгжмийн дээд суралцаж цэргийн хөгжмийн удирдаач мэргэжлээр төгссөн. Тэр үед Монгол улсынхаа нэр хүндийг өөд нь өргөхийн төлөө хичээж бусад орны оюутнуудтай эн зэрэгцэн сурдаг байлаа.

Та Үндэсний Батлан Хамгаалахын их сургуульд хэзээнээс ажиллаж эхэлсэн вэ?

2010 оноос Үндэсний Батлан Хамгаалахын Их сургуулийн Цэргийн хөгжмийн сургуулийн уран чадварын тэнхимд багшаар ажиллаж байгаад. ОХУ-д дахин мэргэжил дээшлүүлэх том  боломж олдсон. 2011онд буцаад ОХУ-ын Цэргийн хөгжмийн дээд сургуульд найруулга зүйн чиглэлээр суралцаж, 2013 онд Ассистентурыг улаан дипломтой төгссөн.  Энэ үед ОХУ-ын Цэргийн хөгжмийн удирдлагын академи гэсэн удирдах албан тушаалтнуудыг бэлтгэх шинэ анги нээгдсэн ба манай сургуулийн удирдлагаас надад дахин суралцах урилга өгснөөр дахин нэг том боломж гарсан гэх үү дээ.  Би энэ шинээр нээгдсэн чиглэлийн  хамгийн анхны оюутан болж нэг жилийн хугацаатай цэргийн хөгжмийн албаны удирдлагаар суралцсан анхны гадаад оюутан болсон шүү дээ./инээв/

Ингээд 2014 онд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар Монгол Улсын Үндэсний Батлан Хамгаалах их сургуулийн хөгжмийн онол, уран чадварын багшаар томилогдон 3 жилийн хугацаанд багшлахдаа найрал хөгжим, цэргийн хөгжмийн алба, найруулга зүй, нарийн бүрээ хөгжим зэрэг олон төрлийн хичээл заадаг байсан. 2017 оны есдүгээр сард БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар ҮБХИС-ийн Цэргийн хөгжмийн сургуулийн захирлаар томилогдон, ажиллаж байна.

ҮБХИС-ийн Цэргийн хөгжмийн сургууль хэзээ үүсгэн байгуулагдсан бэ?

Цэргийн хөгжмийн сургууль 1991 онд байгуулагдаж, өдгөө 27 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Манай сургуулийн үндсэн чиглэл нь Монгол Улсын Зэвсэгт хүчинд бакалаврын боловсролтой цэргийн хөгжмийн удирдаач,  дипломын боловсролтой цэргийн хөгжимчин бэлтгэн болсон хүчнээр ханган ажилладаг.

Бидний зүгээс 2017-2018 оны хичээлийн жилд Дээд боловсролын шинэчлэлийг эрчимжүүлж, сургалт судалгааны материаллаг баазыг шинэчлэн багшлах бүрэлдэхүүнийг чадваржуулах зорилго тавин ажиллаж байна.

Яагаад Үндэсний Батлан хамгаалахын их сургууль гэж нэрлэхээр болсон бэ?

Аюулгүй байдал, цэрэг, батлан хамгаалах чиглэлээр сургалт, судалгаа эрхлэх чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор 2016 онд Батлан хамгаалахын их сургуулийг Үндэсний батлан хамгаалахын их сургууль болгосон. Ингэснээр батлан хамгаалахын бодлого, эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийн “Сургууль төвт” тогтолцоо бий болох үндэс бүрдэж, дэлхийн олон орны ижил төрлийн сургалтын байгууллагатай адил төвшинд очих, ижил стандартаар сургалт явуулах бололцоо бүрдсэн. Мөн багшлах боловсон хүч чадваржиж мэргэшин, зохион байгуулалт, нөөцийн бодит дэмжлэг бий болсон.

Цэргийн амьдралаас шантрах үе байв уу?

Байлгүй яахав. Гэхдээ даваад гарах зорилго л байсан.

Та Монгол цэргийн өдрийг хэрхэн тэмдэглэдэг вэ?

Монгол цэргийн баяр бол цэрэг эрс бидний хувьд хамгийн хүндэтгэлтэй баярын нэг юмаа. Монгол цэргийн өдрөөр бид үе үеийн ахмад дайчдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн хамгийн өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг.

Та мэргэжилдээ дуртай юу уу?

Би энэ мэргэжлийг сонгосондоо өдөр болгон бахархаж явдаг.


ХОЁР. Фестивальд ЦХС-ийн сонсогч, сурагчдийг бэлтгэн, амжилттай оролцож байсан

Arslan.mn

Танай салбарт гадаад харилцаа хир их хөгжиж байгаа вэ?

ҮБХИС-ийн ЦХС-ийн гадаад харилцаа их хөгжсөн гэж хэлж болно. Жишээлбэл:

2014 онд ОХУ-ын Хабаровский хотод зохион байгуулагдсан “Амурын долгион” олон улсын цэргийн хөгжмийн фестивальд ЦХС-ийн сонсогч, сурагчид бие даан оролцсон.

Мөн 2016 онд миний бие Монгол улсаа төлөөлөн, ОХУ-ын Хабаровский хотод  зохион байгуулагддаг энэхүү фестивальд ЦХС-ийн сонсогч, сурагчдийг бэлтгэн, амжилттай оролцож байсан.  

2017 онд Эрхүү хотын 356 жилийн ойн баярын үйл ажиллагаанд урилгаар оролцож байсан.  Цаашдаа ч гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд  бидний зүгээс ямагт анхаарал хандуул ажиллаж байна.

Цэргийн хөгжмийн салбарыг сонирхож байгаа хүүхдүүд анхнаасаа энэ мэргэжилд дурлаж сонгон орж ирдэг байх. Төгсөгч нар ажлын байраар бүрэн хангагдаж чаддаг уу?

Манай сургуулийн хувьд 9-р анги төгссөн хүүхдийг 4 жилийн хугацаатай сурган дипломын боловсролтой  төгсгөдөг. Дөрвөн жилийн бакалаврын зэрэгтэй төгсөгчид 4 жил суралцан Цэргийн хөгжмийн удирдаач мэргэжил эзэмших боломж нээлттэй байдаг.

Ер нь хүүхдүүдийн өөрийн сонирхол маш чухал байдаг. Төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагддаг.

Таны хувьд гадаадад олон жил суралцсан.  Монгол цэргийн сүр жавхаа бусад орны цэргүүдтэй харьцуулахад ямар байдаг вэ?

Манай цэргүүд Ирак, Сьерра-Леоне, Судан гээд бусад оронд энхийг сахиулах ажиллагаанд амжилтай оролцож байна. Монгол цэрэг эрс бусад орны цэрэг эрсээс дэг журам, сахилга баттай, хөдөлмөрч, тэвчээртэй, дайчин, юмыг хурдан сурдаг, хатуужилд сайн зэрэг олон давуу талуудыг нэрлэж болно.  Би монгол цэрэг эрсийнхээ шантаршгүй, дайчин эр зориг, тэсвэр хатуужилтай зан чанараар нь бахархаж явдаг.

Одооны залуучууд цэрэгт явах нь цөөрч байна. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

Таньтай санал нэг байна. Одоогийн залуучууд илүү их бэлэнчлэх сэтгэлгээтэй болж байна. Энэ залуучуудын буруу ч биш л дээ. Уг нь цэрэгт явснаар хөдөлмөрч, хатуужил, биеэ зөв авч явах бүхий л зан чанарт суралцдаг. Цэргийн алба өөрөө тэсвэр хатуужил, сахилга бат, дэг журамд сургадаг. Энэ бол амьдрал дахь хамгийн том сургуулиа гэж би хувьдаа боддог.

Залуустаа хандаж юу гэж хэлэх вэ?

Хүн хийж буй зүйлдээ сэтгэлээ шингээвэл заавал эерэг үр дүн гардаг гэж хэлмээр байна.

Сүүлийн үгийг танд үлдэх нь зөв байх.

“Монгол цэргийн өдөр” Монгол Улсын Зэвсэгт хүчний 97 жилийн ойн  баярыг тохиолдуулан Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн болон ҮБХИС-ийн эрдмийн хамт олондоо чин  сэтгэлийн баярын мэнд хүргэе. 


keyboard_arrow_up