Б.Мягмар: МҮЭХ-г ХҮЧИРХЭГ, МАНЛАЙЛАГЧ, ТЭМЦЭГЧ байлгахын төлөө ажиллана
Зочин:
Б.Мягмар
Байгууллага:
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭХ
Албан тушаал:
ҮЭ-ийн хорооны дарга
Ажиллах арга барил:
Зарчимч, хариуцлагатай, шударга байх

Маргааш буюу энэ сарын 8,9-ний өдрүүдэд МҮЭХ-ны XXII дугаар их хурлаар холбооныхоо Ерөнхийлөгчийг сонгоно. Холбооны ерөнхийлөгчид нэр дэвшиж буй Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн хорооны дарга Б.Мягмараас дараах тодруулгыг авснаа хүргэж байна.

Гэрэл зургийг:
arslan.mn
Ярилцсан сэтгүүлч:
arslan.mn

НЭГ. ҮЭХ хүчирхэг байснаар хөдөлмөрчид төдийгүй Монголын ард иргэд сайн сайхан амьдрах нийгмийн баталгаа нь сайжирна

Та яагаад МҮЭХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшихээр болов?
Сая өнгөрсөн 3 дугаар сард Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны ээлжит Х дугаар бага хурлаар МҮЭХ-оос явуулж буй үйл ажиллагаанд гишүүд ихээхэн шүүмжлэлтэй байсан . Тухайн үед манай ҮЭХ-ны зүгээс намайг холбооны ерөнхийлөгчид нэр дэвших хэрэгтэй гэсэн саналууд гарч байсан ч миний зүгээс байдлыг харьяа гээд нэг их авч хэлэлцээгүй. Мөн өнгөрсөн 10 дугаар сарын 27-нд гүйцэтгэх зөвлөлийн хурлаар дээрх нэр дэвшээч гэсэн асуудал дахин сөхөгдсөн.  
Харин холбооны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн материал хүлээн авах 11 дүгээр сарын 03-ны өдрийн 12 цагийн хуралдаанаар хэн хэн нэр дэвшиж байгаа талаар ямар ч мэдээлэл нийт гишүүдэд байхгүй байсан. Тиймээс бид ийм хаалттай, бодлогогүй, дүрмээс гажсан үйл ажиллагаа  МҮЭХ-нд цаашид үргэлжилж болохгүй, хүчирхэг байгууллага байх ёстой гэж үзээд МЭМАҮЭХ-оос миний биеийг ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх шаардлагатай хэмээн үзсэн. Учир нь МЭМАҮЭХ-г өнөө хүртэл өдий зэрэгтэй амжилттай авч явахаас гадна ерөнхийлөгчид нэр дэвших бүх л болзолыг хангасан хэмээн үзсэн. Тиймээс манай хамт олон, эрүүл мэндийн салбарын 47000 эмч, ажилчид, анхан шатны үйлдвэрчний хороодын дарга, сонгуультнуудын өгсөн үүрэг даалгаварын дагуу миний бие мөрийн хөтөлбөрөө боловсруулан, бүрдүүлэх материалаа өгч нэр дэвшээд байна.  
Таныг ҮЭ-ийн сонгуульт ажлыг нилээн олон жил тасралтгүй хийж байгаа гэсэн. Та энэ талаар тодруулахгүй юу?
Миний бие ҮЭ-ий байгууллагын сургуулийг төгсөж, ҮЭ-ий сонгуульт ажлыг сүүлийн 16 жил хийж байна. Үүнээс 8 жил нь салбарын ҮЭХ-ны дарга, сүүлийн 4 жилд нь МҮЭХ-ны ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчээр ажиллаж байна. Би өмнө нь МҮЭ-ийн хоёр удаагийн ХХ болон ХХI дүгээр хуралд оролцож байсан. Анхан шатны ҮЭ, залуучуудын ҮЭХ-нд хүртэл ажиллаж байлаа.
Таныг аль нэг нам эвслийн захиалгаар нэр дэвшиж байна гэсэн мэдээлэл гарсан байсан. Энэ үнэн үү?
Намайг МАХН-ын захиалгаар сонгуульд нэр дэвшиж байна гэсэн буруу ташаа, гүжирдсэн мэдээлэл хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарсан байсан. Энэ талаар эх сурвалжийг нь тогтоож, зохих хууль хяналтын байгууллагад хандах болно. Миний ард ямар нэгэн нам эвсэл, улс төрийн хүчин, хэн нэгэн байхгүй. Миний ард гэр бүл, хамт олон, салбарын ҮЭХ-ны нийт гишүүд, дэмжигчид л байна.

МҮЭХ бол хөдөлмөрчдийхөө хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, нийгмийн баталгааг нь сайжруулах үүрэгтэй ардчилсан тогтолцоот байгууллага. Ялангуяа МҮЭХ-ны сонгууль шудрага болох ёстой.

Өнөөдөр холбооны ерөнхийлөгчид нэр дэвших эрх гишүүддээ нээлттэй байх ёстой байтал энэ талын мэдээллийг хэдхэн хороон дарга нарын и-майл хаягаар явуулснаас өөр мэдээлэл өгч, нээлттэй байсангүй. Энэ удаагийн сонгуульд маш олон хүн нэр дэвшинэ гэж бодож байсан. Гэтэл өнөөдөр гуравхан нэр дэвшигч л материалаа өгч амжсан байна. Энэ нь мэдээлэл өгөөгүй, хаалттай, зохион байгуулалттайгаар хайрцагласны нэг илрэл юм.
Би дахин онцолмоор байна. Энэ удаагийн сонгууль шудрага болж чадахгүй байна. Нэр дэвшигчид гарааны тэгш байдлаас эхлэх боломжийг нь бүрдүүлэх ёстой байтал гишүүддээ ухуулга, сурталчилгаа хийх хугацаа ч өгөхгүй, мэдээллээр ч бүрэн хангахгүй байна. Миний хувьд хийх ажил, мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдье гэсэн уриалгыг дэвшүүлж байгаа.
Энэ удаагийн хуралд хичнээн төлөөлөгч нар оролцох вэ?
Энэ удаагийн их хурлаар 21 аймгаас 280 гаруй  их хурлын төлөөлөгчид оролцоно. Нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө хурлаар танилцуулна. Одоогийн байдлаар нөгөө хоёр тал маань мөрийн хөтөлбөрөө дэлгээгүй, танилцуулаагүй байна.

Миний хувьд гол нь МҮЭХ хүчирхэг байснаар хөдөлмөрчид төдийгүй Монголын ард иргэд сайн сайхан амьдрах нийгмийн баталгаа нь сайжирна.

Харин хүчгүй сул дорой, идэвхгүй байвал ажилгүйдэл ихтэй, нийгмийн баталгаа нь хангагдаагүй, улс төржилтийн золиос болон хүн ардын амьдрал ядуу, хүнд байх болно. Би мөрийн хөтөлбөрөөрөө дээрх асуудлыг шийдвэрлэх, МҮЭХ-ны үндсэн чиг үүргийн төлөө ажиллах болно.
Хугацаа нь ийм давчуу, тулсан нөхцөл байдалтай байгаа учраас төлөөлөгчиддөө ухуулга хийж амжаагүй гэсэн үг үү?
Сая өнгөрсөн баасан гарагт нэр дэвших материалаа өгсөн. Өөрөөр хэлбэл ажлын хоёрхон өдөрт 280 гаруй төлөөлөгчидтэй уулзах ямар ч боломж байхгүй. Тэр битгийг хэл МҮЭ-ийн ажлын алба их хурлын төлөөлөгчдийн нэр, утасны жагсаалтыг нууцын зэрэглэлтэй гээд өгөөгүй. Уг нь миний бие Монгол улсын ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа биш олон нийт ард иргэд рүү ухуулга хийх биш их хурлын төлөөлөгчиддөө мөрийн хөтөлбөрөө танилцуулж, ажлаа тайлагнах ёстой. Гэтэл хөдөө орон нутгийн 21 аймгаас төлөөлөгч нар маань зарим нь аль хэдийн замдаа гарчихсан байгаа. Би хоёр өдрийн дотор тэдэнд мөрийн хөтөлбөрөө танилцуулах ямар ч боломжгүй. Тиймээс л үүнийг нэг гараанаас тэгш өрсөлдөх боломж үүсэхгүй байна гэж үзэж байгаа. МҮЭХ-ны одоогийн ерөнхийлөгчийн хувьд бусад дарга нарын хамт бүх аймгаар салбарын хуралд оролцож, бүх төлөөлөгч нартай уулзалтуудыг өмнө нь хэд хэдэн удаа хийсэн. Иймэрхүү хайрцаглах хэлбэрээр өрсөлдөж байна.

Хамгийн гол нь МҮЭХ-ны ажлын алба нийт нэр дэвшигч нарт мэдээллийг тэгш, ижил өгдөг байх ёстой. Зөвхөн одоогийн ерөнхийлөгчид үйлчилдэг байж болохгүй.

Цаашид МҮЭХ-г ил тод, нээлттэй шилэн байлгахын төлөө ажиллах болно. МҮЭХ-г хүчирхэг, манлайлагч, тэмцэгч байлгахын төлөө би тууштай тэмцэх болно.
Та сонгуульд зориулан санхүүжилтээ яаж шийдвэрлэж байна вэ?
Надад хамт олон, салбарын ажилтнууд маань даалгавар өгөн сонгуульд өрсөлдөх үүрэг өгснөөс биш ямар нэгэн санхүүжилт баталж өгөөгүй . Сонгуульд зориулсан ямар нэгэн хуримтлуулсан мөнгө ч алга. Нэр дэвшихээр болсныг сонсоод найз нөхөд, танил, дэмжигчид маань яаж туслах уу гээд холбогдож байгаа. Ямар нэгэн хөрөнгө санхүүгүй хамтын ажиллагаатай хэвлэл, мэдээлэл, олон нийтийн байгууллагууд урт хугацааны хамтын ажиллагааны дэмээр дэмжиж байгаа. Ийм л дэмжлэг, хүчээр явж байна. МҮЭХ нь одоо нэг л их мөнгөтэй байгууллага гэхээсээ илүү их л өр ширтэй болсон юм байна лээ. Миний хувьд нэг их мөнгөтэй, өндөр цалинтай газар очих гээгүй учраас олны дэмжлэг, найз нөхөд, өөрийн бор зүрхээрээ л явж байна.
Ярилцсанд баярлалаа. Таны сонгуульт ажилд амжилт хүсье!   


keyboard_arrow_up